“Хураангуй сэтгүүл” ба “Бюллетень МОНТА”

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2021-01-20 10:21:17
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНТА эрхлэн 1922 оноос товч мэдээний “Хураангуй сэтгүүл” сониныг монгол хэлээр, “Бюллетень МОНТА” сониныг орос хэлээр 7 хоногт 2 удаа гаргаж, дотоодын болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж байв.

Энэ нь МОНТА гадаадад мэдээлэх төдийгүй дотоодод мэдээлэх үүргийг хавсран хариуцсан, дэлхийн мэдээллийн агентлагуудын жишгээр ажиллаж эхэлсэн үе юм.




“Бюллетень МОНТА” сонин тэр үед Монголд оршин сууж байсан орос хүмүүс болон Зөвлөлт орос, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын иргэдэд монгол орны тухай, ард иргэдийн аж байдлыг танилцуулах зорилготой, нэг дугаар нь 150-250 хувь хэвлэгддэг байжээ.

Харин “Хураангуй сэтгүүл” нь улс оронд өрнөсөн дотоод үйл явдлыг мэдээлэхийн зэрэгцээ олон улсын байдал, тэр дотроо Зөвлөлт Орос, Хятад, Япон, Америк, Англи, Франц, Герман зэрэг орны тухай мэдээллийг монголчууддаа түлхүү хүргэдэг, нэг дугаар нь 500-1000 хувиар хэвлэгдэн тардаг байсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний болон Гадаад мэдээний албаны үүргийг хариуцаж байсан явдал юм.




Сэтгүүл зүй судлаачид “Хураангуй сэтгүүл”, "Бюллетень МОНТА” сонины мэдээнүүд нь Монголд цахилгаан мэдээний агентлагийн цоо шинэ хэв маягийн үндэс суурийг тавьсан, энэ агуулгаараа Монголын сэтгүүл зүйд МОНЦАМЭ агентлаг мэдээ мэдээллийн товч тодорхой хэлбэрийг үүсгэн бий болгож, хөгжүүлсэн хэмээн тэмдэглэжээ.

1923 оны 6 дугаар сар хүртэл “Бюллетень МОНТА” сонин 100 гаруй дугаар, “Хураангуй сэтгүүл” 92 дугаар хэвлэгдсэний зарим нь өдгөө Монголын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

“МОНТА” (МОНЦАМЭ)-аас 1922-1923 онд монгол, орос хэлээр хэвлэн гаргаж байсан хураангуй сэтгүүлийн анхны дугаарууд.


МАН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 1923 оны 6 дугаар сараас “Бюллетень МОНТА” сониныг орос хэлээр гаргах ажлыг зогсоож, МОНТА болон “Уриа” сониныг хавсруулан “Нийслэлийн шинэ сонин”-ыг гаргаж эхэлсэн юм. “Нийслэлийн шинэ сонин” сард 4 дугаар гарч байжээ. Улмаар 1930 оны сүүлчээс МОНТА нь тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Ухуулан боловсруулах хэлтсийн дэргэд, 1945 оноос “Үнэн” сонины дэргэд Зөвлөлт Оросын ТАСС агентлагийн мэдээ орчуулдаг хэлтэс хэлбэрээр ажиллаж, 1957 онд мэдээллийн агентлагийн статустайгаар дахин шинээр байгуулагдан ажиллах хүртлээ дотоод, гадаадад мэдээлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн юм.

Өөрөөр хэлбэл, тус агентлаг 1950-аад оны дунд үе хүртэл МОНТА хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж, гадаадын улс орнуудын байдлын тухай мэдээг тэр үеийн ЗХУ-ын Элчин сайдын Яам болон Монголын холбоогоор дамжуулан авч, нийслэл хотод болж буй монголын нийгмийн амьдралын тухай мэдээг Чита, Эрхүү, Москва руу дамжуулдаг байв.


МОНТА болон “Уриа” сонин хавсарч “Нийслэлийн шинэ сонин”-ыг гаргаж байв. 1924 он.




Холбоотой мэдээ