Үндсэн оршин суугч биш бол Их-Уул сумын постоос буцаана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-01-19 15:50:35

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабын өнөөдрийн хурлаар халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн фитнес, спорт заал, усан бассейны үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо.

Мөн хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь Улаанбаатар хотод буй иргэдийг орон нутаг руу татан авах хугацааг сунгасан явдал байв.

-“Манай аймаг нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотоос нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр иргэдээ татан авна. Иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал зөвхөн Завхан аймгийн оршин суугч иргэн байх бөгөөд сум, багийн Засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулна. Ачаа тээврийн болон хувийн тээврийн хэрэгслээр ирж буй бүх иргэн PCR шинжилгээний хариу гарснаас хойш 24 цагийн дотор Улаанбаатар хотоос гарч, 48-72 цагийн дотор Их-Уул сумын пост дээр ирсэн байх шаардлагатай. Тиймээс шинжилгээгээ явах өдөртэйгөө тааруулж өгөх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч хамт зорчих иргэдийнхээ материалыг бүрдүүлэн аймгийн Шуурхай штабын 7046-2110 дугаарт бүртгүүлж байж нэвтрэх зөвшөөрлийг авна.

 

Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдийг олон нийтэд мэдээлнэ

-“Улаанбаатар хотоос Завхан аймагт ирсэн иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй.

Улаанбаатар хотоос ирсэн иргэн бүр долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөнө. Иргэдийн гэрийн тусгаарлалтыг хуваарийн дагуу төрийн албан хаагч нар хяналт тавьж ажиллана. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдийг олон нийтэд мэдээлж, хатуу хариуцлага тооцно. Нэгдсэн зөвшөөрлөөр хот хооронд тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүд хүний тоог хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хурдаа тохируулж, аюулгүй байдлаа бүрэн хангах шаардлагатай. Мөн Завхан аймгийн үндсэн оршин суугч биш, эсвэл PCR шинжилгээ өгөөгүй бол Их-Уул сумын постоос буцаахыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийтийн халуун усны үйл ажиллагааг нээнэ. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс фитнес, спорт заал, усан бассейны үйл ажиллагааг нээж хэвийн явуулна” гэсэн шийдвэрүүдийг гаргалаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар боллоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангахад төрийн албан хаагчдыг татан оролцуулахаар тус тус шийдвэрлэлээ гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ