“Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-01-16 17:12:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Эрдэнэ багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо.

Уг төвд багийн Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Ахмадын зөвлөл болон банкны салбар үйл ажиллагаа явуулна. Эрдэнэ баг Орхон аймгийн хамгийн олон хүн амтай. Тодруулбал,  7499 хүн ам, 2036 айл өрх, 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өндөр сумын бусад багт дунджаар 3000 гаруй хүн ам оршин суудаг юм. Шинээр барьсан дээрх төвд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжийг хангаж өгчээ. Нийт таван давхар уг барилгыг өнгөрсөн оноос барьж эхэлсэн юм.

Аймгийн ЗДТГ-аас 2017 оноос “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр хэрэгжүүлж баг бүрт Багийн төв, Соёлын төв, алслагдсан баг болон хүн ам ихтэй багт “Багийн төвийн цогцолбор”-ыг барьж эхэлсэн.

Өнгөрсөн баасан гаригт Эрдэнэ багт ашиглалтад орсон “Багийн төвийн цогцолбор”-ын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар оролцлоо. 

Холбоотой мэдээ