Сэлэнгэ аймагт 187 иргэн бүрэн эдгэрч хяналтаас гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-14 15:43:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 201 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, тус аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. “Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19723, бусад суманд 27011, нийт 46734 хүн хамрагджээ.

Аймгийн хэмжээнд хоёр ажиглалтын байранд 32, Ахмадын сувилалд 13 иргэн хяналт ажиглалтад байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 95.8 хувь буюу 209 иргэн эдгэрч, сувиллын хяналтад 13, гэрийн ажиглалтад 9, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 187 иргэн байна.

Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 203 тээврийн хэрэгслээр 482 иргэн, орох чиглэлд 152 тээврийн хэрэгсэлтэй 337 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлжээ.

Мөн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 708 вагоныг шалган нэвтрүүлсэн байна. Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 185 өрхийн 489 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Аймгийн хэмжээнд 162 цэг байршлын 29212 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 3 цэг байршлын 1473 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ