Шалган бүртгэх товчооны нөхцлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:21:18

Дархан хотын урд, хойд хэсэгт байрлах авто тээврийн шалган бүртгэх “Буурал хангай”, “Түшиг-Уул” хэмээх хоёр товчоо нь жилдээ орон нутгийн “Авто замын сан”-д 200 гаруй сая төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг.

Эдгээр товчоонуудад замын тохижилт муу, тэмдэг тэмдэглэгээгүй, автомат хаалтгүй, гадаа зогсож хураамжаа авдаг, ажлын нөхцөл шаардлага хангахгүй, өвөлдөө галладаг зэрэг шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байдаг байна.

Иймд аймгийн Засаг дарга А.Энхболд эдгээр хоёр товчооны ажилтай танилцаж “Авто тээврийн төв”-ийн дарга Ш.Эрдэнэбат, Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Ш.Хурцбилэг нарын холбогдох албаны хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудлыг үзэж газар дээр нь ярилцлаа.

Дархан хот тэлэхийн хэрээр хойд буюу “Түшиг-Уул” товчоо нь өнөөгийн нөхцөлд үр дүн муутай байрлалд шилжсэн гэдгийг Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Ш.Хурцбилэг онцлов. Тус товчоог “Морь барианы газар”-т шилжүүлэн байрлуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж тэрээр үзэж байгаагаа хэллээ. Учир нь дээрх газар нь тэгш талбайтай, авто машины нягтрал бага зэрэг давуу талтай бөгөөд товчоо тэнд байрлуулснаар хууль бус хулгайн тээвэр зугатах гарцгүй болох юм гэв.

Эдгээр шалган бүртгэх товчоонуудад Нийтийн тээврийн албаны улсын байцаагч, Замын Цагдаагийн зохицуулагч нар үүрэг гүйцэтгэдэг. Энд ажиллаж буй хүмүүс тавтай, аюулгүй нөхцөлд ажиллах ёстой гэж аймгийн Засаг дарга А.Энхболд үзэж: “Харуулын ажиллах байрыг засварлаж зориулалтын халаалт тавих, гадаа зогсож мөнгө хураадгийг болиулж харуулын байрны цонхоор авдаг болгох. Авто замын засвар болон авто замын аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээг ойрын хугацаанд хийх нь зүйтэй. Зардлыг нь аймгийн төсвийн тодотголоор шийдсэн учир шалган бүртгэх товчоонууд тав тух, өнгө үзэмж бүхий ажлын байртай, стандартад нийцсэн авто зам, замын тэмдэг тэмдэглэгээтэй болно” гэлээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ