Татварын хэлтсийг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 40 сая төгрөг шийдэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-14 12:00:27

Хэнтий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга оны өмнөөс эхлүүлэн Засаг даргын хэрэгжүүлэгч 23 агентлагийн дарга нар, удирдлагууд, ажилчдын төлөөлөлтэй ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлттэй холбогдуулан албан уулзалтууд хийсээр байна.

Энэ үеэр байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм. Энэ удаад аймгийн Татварын хэлтсийн хамт олонтой уулзалт хийснийг сурвалжиллаа.

-Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь батлагдсан 45 орон тоотой, дөрвөн тасаг нэгжтэй, 764.4 сая төгрөгийн төсөвтэйгөөр өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байна.

Тус хэлтсийн Татварын алба 2016 оноос “Цахим татварын алба” болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж энэхүү зорилтдоо хүрчээ. Тодруулбал, татвар төлөгчид тоон гарын үсэг ашиглан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын тайлангаа илгээх, татвараа төлөх, лавлагаа тодорхойлолт авах үйл ажиллагааг цахимжуулсан байна. Ингэснээр татвар төлөгчдийн цаг зав, хөрөнгө, мөнгийг хэмнэсэн чухал ач холбогдолтой ажил болсныг онцолж байлаа. Мөн татварын үндсэн үйлчилгээ, тодорхойлолтуудаа нэмээд төрийн үйлчилгээний нэг цонх emongolia сайтаар 48 төрлийн цахим үйлчилгээг авах боломжийг нэвтрүүлсэн аж.

Тус хэлтэс 2020 оны 12 дугаар сарын байдлаар улсын төвлөрсөн төсөвт 1636,9 сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 2186,5 сая төгрөгийг, аймгийн төсөвт 9139,0 сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 10582,7 сая төгрөгийг, сумын төсөвт 2808,8 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 4298,1 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Түүнчлэн орон нутгийн төсөвт нийтдээ 11947,6 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 14880,7 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

 

"Ковид-19" цар тахалтай холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны татварын тайлангаар 193 ААН-д 347,3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлсэн байна. НӨАТ-ын сугалаанд 3,0 сая төгрөгийн азтанаар зургаан иргэн, нэг сая төгрөгийн таван азтан тодорч нийтдээ Хэнтий аймгаас 953 иргэн 34,8 сая төгрөгийн азтан болжээ.

 

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Татварын тайлагналт, хураалт, бүртгэлийг цахим тайлангийн системд 100 хувь хамруулан, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийг зорьжээ. Мөн Татварын орлогын төлөвлөлтийг сайжруулж бодитой болгох зорилтыг дэвшүүлсэн байна.

Аймгийн Засаг дарга Татварын хэлтсийн албан хэрэгцээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд  зориулж 40 сая төгрөг, байгууллагын автомашиныг шинэчлэхэд зориулж 30 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлэв.

Холбоотой мэдээ