Улаанбаатар хотод "0" зогсолт хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хориог чангатгах, "0" зогсох шийдвэр гараагүй гэдгийг НЗДТГ-аас мэдээлэв.
Тодруулбал, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр нийслэлд тэг зогсолт хийх тухай ташаа мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд, "Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн дунд тархаад буй “0 зогсолт” хийх асуудлаар холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд тодорхой тайлбар мэдээллүүд өгч ирсэн. Албан бус, тодорхойгүй нэршлээр явж буй хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг бүрэн зогсоох утга бүхий энэ ойлголт нь хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн хаах буюу иргэдийн анхдагч хэрэгцээг хязгаарлахуйц асуудлууд тул өнөөгийн нөхцөлд боломжгүй болохыг дахин онцолж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор шинжилгээ авах ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаатай 30 цэг ажиллаж байна. Цаашид шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын голомтуудыг илрүүлэх, хумих чиглэлд авах арга хэмжээг эрчимжүүлнэ. Мөн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийн үед аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч шийдвэр гаргаж байхыг нийт иргэддээ хандан уриалж байна" гэжээ.