Хулгайд алдагдсан ховор маркийг 60 жилийн дараа олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-03 11:29:10

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Америкт хэвлэгдээд 60 гаруй жилийн өмнө хулгайд алдагдсан маш ховор шуудангийн марк хууль ёсны эзэндээ эргэн иржээ.

1918 оны 24 центийн “Inverted Jenny” шуудангийн марк дээр хэвлэлийн алдаанаас үүдэн уруугаа харсан биплан онгоцыг дүрсэлсэн зураг байдаг аж.

Энэ нь Нью-Йорк хотод 1955 онд болсон марк цуглуулагчдын чуулга уулзалтын үеэр шилэн хоргоноос алдагдсан дөрвөн ширхэг маркны нэг гэнэ.

Уг маркийг өвөөгөөсөө өвлөж авсан нэгэн ирланд залуу өнгөрсөн дөрөвдүгээр сард дуудлага худалдааны газарт авчирч өгчээ.

Наад зах нь 175 мянган долларын үнэд хүрэх “Inverted Jenny” маркийг Америкийн марк цуглуулга судалгааны номын санд хүлээлгэн өгчээ. Тус номын сан нь хулгайд алдагдсан дөрвөн маркны гурвыг нь хэдийн олоод сэргээсэн байна.

Шагналын мөнгөнд 50 мянган доллар авсан ирланд залуу Кеелин О’Нил уг маркийг өвөөгөөсөө өвлөж авчээ. Харин өвөө нь Ирландад байхдаа уг маркийг машины тээшнээс юм зардаг байсан нэгэн хүнээс худалдаж авсан гэнэ.

“Энэ маркны түүх, ач холбогдлын талаар би ямар ч ойлголтгүй байсан” гэж О’Нил ярьжээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар өөр нэгэн “Inverted Jenny” марк нэг сая гаруй долларын үнэд хүрсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ