Домогт Пеле эд зүйлсээ дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-03 10:25:54

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Anadolu/. Хувийн 2000 гаруй эд зүйлээ, тэдгээрийн дотор ДАШТ-ий дурсгалыг цомоо дуудлагаар худалдахаар шийдсэнээ Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле зарлалаа.

Эд зүйлсийг лхагва гарагт Лондоны дуудлага худалдааны газарт хүлээлгэн өгсөн байна.

Дуудлага худалдаанд тавигдсан эд зүйлсээс хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл бол Мексикт 1970 онд болсон ДАШТ-ий аварга багт гардуулсан дурсгалын цом юм.

Ирэх долоо хоногт гурван өдрийн турш үргэлжлэх дуудлага худалдааны үеэр уг дурсгалын цом 400 мянга долларын үнэд хүрнэ гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид таамаглаж байна.

Мөн Пеле-гийн хүртсэн ДАШТ-ий гурван алтан медалийг тус бүрийг нь 180 мянга орчим доллароор борлуулах болов уу гэж үзэж байгаа аж.

Дуудлага худалдаанаас олсон ашгийн зарим хэсгийг Бразилын хүүхдийн эмнэлгүүдэд хандивлах юм.

Дуудлага худалдаа ирэх долоо хоногийн мягмар гарагт эхэлнэ.

Хөлбөмбөгийн түүхийг өгүүлэх эд зүйлсээс авахыг хүссэн бүх хүнд үнийн саналаа хэлэх боломжийг олгох үүднээс дуудлага худалдааг интернэтээр шууд дамжуулах гэнэ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ