Мексик Жулиан Ассанжад улс төрийн орогнол олгоход бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО. /Reuters/. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжад улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс татгалзсан Лондоны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. “Ассанж бол сэтгүүлч бөгөөд боломж олгох ёстой, би түүнийг уучлахыг дэмжиж байна. Бид түүнд хамгаалалт өгнө" гэж Мексикийн Ерөнхийлөгч даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Лондоны шүүх “WikiLeaks”-ийг үндэслэгчийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэрийг даваа гаргасан юм. Шүүгч Ассанжийг сэтгэцийн эрүүл мэндийн улмаас болон амиа хорлох эрсдэлтэй байгаа тул АНУ-д хууль ёсоор шилжүүлэн өгөх боломжгүй гэж үзжээ. Лондон дахь Вестминстерийн шүүх Жулиан Ассанжийг батлан даалтад гаргах хүсэлтийг лхагва гарагт хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Америкийн тал давж заалдах өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.
Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаанууд, Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлын талаарх зэрэг нууц материалуудыг дэлгэснийхээ дараа Жулиан Ассанж олны танил болсон юм.
2010 онд Америкийн эрх баригчид түүнийг шалгаж эхэлсний дараа Шведэд очсон боловч “WikiLeaks”-ийг үндэслэгчийг хүчингийн хэрэгт буруутгасан байна. Шведийн талд шилжүүлэгдэхээс зайлсхийхийн тулд Ассанж Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд долоон жилийн турш орогносон юм. Тус ЭСЯ орогнох эрхийг нь цуцалсны дараа 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ. Лондоны шүүх барьцаагаар суллагдах нөхцөлийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзэн, түүнд 11 сар хорих ял оноосон. Хэрэв Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл тэрбээр тагнуулын хэргээр олон жил хоригдох ял авч болзошгүй байгаа юм. “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагчийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхтэй холбоотой хэргийг Их Британийн шүүх 2020 оны эхээр хэлэлцэж эхэлжээ.