“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” соёлын өдрүүдийг цахимаар нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-30 13:45:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдэвт соёлын өдрүүдийг өнөөдөр цахимаар нээлээ.


Соёлын өдрүүдийг нээж ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга Ан Юн Шань, “Цар тахалтай тэмцэхэд хоёр орны ард түмэнд сэтгэлийн дэм өгч, Хятад орныг танин мэдэх Монгол улстай холбогдох Өвөр Монголын соёлын өдрүүдийг цахимаар нээж байна" хэмээн онцлоод "Энэ удаагийн соёлын өдрүүдийн гол онцлог нь цар тахлын үед бие биедээ тусалж, цар тахалтай хамтдаа тэмцэн Хятад, Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтаар бичилцэх зорилготой" гэдгийг тодотгов.


Энэ удаагийн соёлын өдрүүдийг Монгол Улсын Соёлын яам, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газар хариуцан  зохион байгуулах аж. 


“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” соёлын өдрүүдээр цахим үзэсгэлэн, цахим концерт, цахим кино, цахим танилцуулга гэсэн 5 төрлийн 28 үйл ажиллагаа болно. Үүнд, Хятадын дорно дахины дуу бүжгийн чуулга зэрэг тус улсын өндөр түвшний уран сайхны чуулга, дуу бүжгийн концерт тоглох аж.


Түүнчлэн Хятадын төрийн дөрвөн том жүжгийн нэг Бээжин жүжгийн шилдэг жүжигчид сонгодог хөтөлбөрөө толилуулах юм. Хятадын тэргүүн зэргийн балетын урлагийн Шанхайн балет бүжгийн чуулгын тоглолтыг ч бэлтгэсэн байна.


Цахим гэрэл зургийн үзэсгэлэнгээр БНХАУ-ын ядуурлаас ангижирсан туршлага, дундаж чинээлэг нийгмийг бүрдүүлсэн амжилтаа хуваалцахыг зорьжээ.


Мөн соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр ӨМӨЗО-ны орчин үеийн инновац, монгол морины бүтээл гээд шилдэг 455 бүтээлийг харуулах юм. Бүтээлийг QR кодоор захиалж, хамтран үйлдвэрлэж болох юм байна.


Харин Хятадын кино өдрүүдээр уран сайхны 11 кино санал болгожээ. Эдгээр кинонд Хятадын онгоцны дарга, гал сөнөөгч баатар зэрэг бодит явдлаас сэдэвлэсэн баатарлаг үйл, 18 гацаанд ядуурлыг оновчтой бууруулж, жирийн иргэд ядуурлаас ангижирсан, хот хөдөөгийн өөрчлөлтийг өгүүлсэн байна.


Түүнчлэн, Хятадын 5 муж, хот, өөртөө засах орны аялал жуулчлалын мэдээллийг цахимаар хүргэж, олон үндэстний зан заншил, аялал жуулчлалын маршрутыг танилцуулж, амтат хоол хийх аргыг Монголын ард түмэнд сонирхуулж, хоёр орны аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьжээ.


Соёлын өдрүүдийн цуврал үйл ажиллагааг Хятадын Элчин сайдын яамны болон Монголын сайтуудаар шууд дамжуулах юм байна.


Соёлын өдрүүдийн цахим нээлтэд Монгол Улсын хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. 

Холбоотой мэдээ