Европын Холбоо төсөвт дэмжлэг болгон 16 сая еврогоор санхүүжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-22 11:27:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилтийг хийв. 

Төсвийн дэмжлэгийн уг хөтөлбөрийг Европын Холбоо энэ оны 5 дугаар сард баталсан юм. Хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хэрэгжиж эхэлж байна. Төслийг өнөөдөр НҮБ-ын байранд нээлээ. 

Цахимаар болж буй нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж,  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа хэлэхдээ, "Энэхүү төсвийн дэмжлэг нь Европын Холбооны хөгжлийн туслалцааг Монгол Улсын нийгмийн салбарын шинэчлэлийн зорилттой нийцүүлж буй үр дүнтэй механизм юм" гэдгийг онцлов. 

Тэрээр, “Төсвийн дэмжлэг нь ялангуяа "COVID-19"-ийн цар тахлын хүнд цаг үед Засгийн газраас хүн ардынхаа аж амьдралыг сайжруулах хөгжлийн гол зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт боломж олгож байна. Энэхүү буцалтгүй тусламж нь залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, улмаар Засгийн газар орлогын удирдлагаа сайжруулах замаар хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмэр оруулна” гэдгийг тодотгов.


Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэл хийхэд Европын Холбооноос ийнхүү төсвийн шууд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын байгууллагуудаар дамжуулан техникийн туслалцаа үзүүлэх юм гэдгийг мөн онцоллоо. Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр:

  • хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, 
  • төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, 
  • улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойг тэмдэглэв. 

Төслийн хүрээнд Сангийн яам, ХНХЯ, ХХААХҮЯ-тай хамтран ажиллах бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ, Монгол Улс нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон тайлангийн системд шилжиж байгаа нь сайшаалтай. Ажлын байр бий болгох, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд, алслагдсан нутагт амьдарч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх энэ чухал төсөлд хамтран ажиллах боломж олгосон Европын Холбоонд мөн талархаж байгаагаа илэрхийлэв. 

Тэрээр “НҮБХХ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, институцийн чадавхийг сайжруулах чиглэлээр бүх талтай ойр нягт хамтран ажиллах болно” гэдгээ хэллээ. 

Төслийн нээлтэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын албаны хүмүүс оролцож байна. 


Тодруулга: Европын Холбоо нь түнш орнуудын системд тулгуурлан үр дүнтэй, уян хатан дэмжлэг үзүүлэх зорилготой. Түнш орнуудтай, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засаг болон хүний хөгжил болон хуулийн хэрэгжилт, мөрдөлтийг дэмжих, мөн хүний эрхийг хүндлэх,  энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг түгээх 4 гол зорилгын хүрээнд хамтарч ажилладаг юм. 

Монгол Улсад Европын Холбооноос 2014-2020 онд үзүүлж буй хөгжлийн дэмжлэгийн хөтөлбөр нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө орлогын засаглалыг сайжруулах болон ажил олголтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүнтэй байна. Тус холбооноос нийт 50 гаруй сая еврогийн өртөг бүхий 32 төслийг олон улсын түнш байгуулагуудтай хамтран Монгол Улсын төр, засаг болон бусад байгуулагатай хамтран хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ