“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-уудыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас “Эрүүл мэндийг
дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”-ыг шалгаруулан, байгууллагуудад шагналыг гардууллаа.
Эрүүл мэндийн газраас аж ахуй нэгж, байгууллагуудын ажилчдынхаа
эрүүл мэндийг дэмжиж, ажлын байрандаа эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцөлийг
бүрдүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр
хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлж жил бүр дээрх байгууллагуудыг шалгаруулдаг
юм.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Х.Цэрэн
эрхлэгчтэй Эрдэнэдалай сумын цэцэрлэг, “Эрүүл ажлын байр”-аар, Л.Оюун
эрхлэгчтэй Сайнцагаан сумын наймдугаар цэцэрлэг, Т.Туяамандах захиралтай "Эрдмийн далай" цогцолбор сургууль, Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал
жуулчлалын газар, Р.Баттүвшин даргатай Их газрын чулууны байгалийн цогцолборт
газрын хамгаалалтын захиргаа тус тус шалгарчээ.
Дээрх байгууллагууд нь эрүүл мэндийг дэмжсэн бодлоготой,
ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг сайжруулан алжаал тайлах,
амрах өрөө, чийрэгжүүлэх танхимтай, байгууллага дээрээ хөдөлгөөнийг дэмжсэн,
зөв хооллолт, эрүүл аж төрөх дэглэмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион
байгуулдаг, хамт олны дунд хорт зуршлаас татгалзах гэх мэт хандлагын
өөрчлөлтүүд гарсан зэрэг амжилтыг бий болгож чадсан ажээ.