ДУНДГОВЬ: "Яргуй" урлагийн бага наадамд 560 гаруй бяцхан авьяастан оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-08 18:27:43
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Бяцхан авьяастнуудыг тодруулах зорилго бүхий "Яргуй" хүүхдийн урлагийн уламжлалт бага наадам өнөөдөр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт эхэллээ. Урлагийн бага наадам 2 өдөр үргэлжилнэ.


Энэ жилийн бага наадам Хүүхдийн байгууллага үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүрээнд хуур төдийгүй үндэсний өв соёл, хэв шинжийг агуулсан ардын язгуур урлагийн төрлүүдээр оролцож байгаа нь онцлог юм.  


"Яргуй-2025" урлагийн бага наадамд 13 сумын 18 сургуулийн 560 гаруй хүүхэд оролцож, бөхийн цол, морины цол дуудах, уралдаанч хүүхдийн гийнгоо, язгуур урлагийн хамтлаг, уртын дууны хамтлаг, морин хуурын хамтлаг, монгол ардын бүжгийн хамтлаг, бүжгийн гоцлол, үндэсний хөгжмийн цөөхүүл зэрэг урлагийн 10 төрлөөр өрсөлдөж байна.


Тус наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч, бүжиг дэглээч А.Даваахүү, Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Домог хамтлагийн ахлагч, 2013 оны ардын урлагийн дэлхийн Гран-При шагналт, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан  Б.Бат-Орших нар ажиллаж байгаа юм. 










Холбоотой мэдээ