М.Дауренбек: Чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол төлбөр төлөхөөс татгалзаж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-16 17:00:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын зарим орон сууцны айл өрхүүдийн халаалт зохих түвшинд хүрэхгүй байгааг иргэд шүүмжилж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч М.Дауренбекээс зарим зүйлийг тодрууллаа.


- Холбогдох стандартын дагуу орон сууцны өрөөний дулааны хэм хэд байх ёстой вэ?

- MNS 5825:2007 стандартад заасны дагуу орон сууцны өрөөний зөвшөөрөгдөх хэм +17-гоос +23, тохиромжтой хэм +19-ээс +20 байх ёстой. Өндөр настан, өвчтөн амьдрах байр 19-23 хэм байна. Гэвч энэ стандартын түвшинд хүрэхгүй байгаа олон шалтгаан байна. Тухайлбал, дулааны эрчим хүчний хангагчийн зууханд зарим үед засвар гарч түр зогсох зэргээр батлагдсан горимын дагуу эрчим хүчээр тогтмол хангаж чадахгүй байгаа явдал байна. Өлгий сумын зарим айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг “Эрчим Баян-Өлгий” компани 4 зуухтай хэдий ч 1 зуух өвлийн ид ачааллын үед галлахад горим алддаг. Одоогоор 2 зуухаа зэрэг галлан ажиллаж байгаа бөгөөд цар тахлын улмаас гадаадаас орж ирэх тоног төхөөрөмж нь хугацаа хожимдож ирснээс 3 дахь зуухны өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй. Он гарах хүртэл дуусгахаар ажиллаж байна. Мөн зууханд галлаж буй нүүрсний илчлэг чанар, хэрэглэгчийн салбар шугамын дулаан нэвтрүүлэх чадвар, орон сууцны хана, цонхны дулаан алдалт, шугамын битүүрэл, 1-60, 2-60, 3-60 айлын гэх мэт хуучин орон сууцны зарим оршин суугчид анхны зураг төслийг өөрчлөн дур мэдэн холболт хийсэн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

- Уг асуудалд улсын байцаагчийн хувьд шалгалт хийсэн үү?

- Миний бие хоёр 7 хоног бололцоогоороо олон айлаар орж, «Эрчимбаян-Өлгий» компанид төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Тун удахгүй дүгнэлт нь гарна.

- Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчээр хангагч үйлчилгээгээ зохих түвшинд үзүүлээгүй тохиолдолд хэрэглэгч төлбөр төлөхөөс татгалзаж болохоор заасан байдаг. Ард иргэд энэ эрхээ хэрэгжүүлэх боломж хэр байна?

- Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах үүрэгтэй. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол хэрэглэгч эрчим хүчний төлбөрийг хангагчтай тохиролцож бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзаж болно.

 - Энэ заалт цахилгаан эрчим хүчинд бас хамаарах уу?

- Тийм ээ, хамаарна.

- Нийлүүлж буй эрчим хүчний чанартай холбоотой хангагч, хэрэглэгч хоёрын хоорондох харилцааг ямар дүрэм, журмаар зохицуулдаг вэ?

- Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно. Дулааны доголдол, төлбөр тооцоотой холбоотой маргааныг Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, цахилгаантай холбоотой асуудлыг Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу хангагч, хэрэглэгчийн хамтарсан актаар шийдвэрлэнэ.

- Эрчим хүчний чанар хангалтгүй байгааг хангагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй бол хэрэглэгч хэнд гомдол гаргах вэ?

- Хангагч, хэрэглэгч хоорондын байгуулсан гэрээнд энэ асуудлыг тодорхой тусгасан байх ёстой. Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь дээрх заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Мөн хуульд заасан хяналт тавих, хариуцлага тооцох эрх үүрэгтэйн хувьд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулж нөхцөл байдлын шалтгааныг тогтоолгож болно.  

Холбоотой мэдээ