Унгар ижил хүйстэн хосуудыг хүүхэд үрчлэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-16 10:02:29

ЛОНДОН. /BBC/. Унгарын парламент ижил хүйстэн хосуудыг хүүхэд үрчлэхийг үндсэндээ хориглосон хуулийг баталжээ.


Хуулийн төслийг Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй Засгийн газар санаачилсан байна. 


Унгарт ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиар хориглодог хэдий ч хосуудын аль нэг нь хүүхэд үрчлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд асуудал шийдэгддэг байжээ.  


Шинэ дүрэм журамд юуны талаар дурдав?

Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаассс хойш үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулжээ. Мягмар гарагт баталсан нэмэлт өөрчлөлтөд гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт, тэдний үр хүүхэд хоорондын харилцаан дээр үндэслэнэ хэмээн тодорхойлжээ.


Үүнээс үүдэн ижил хүйстэн хосуудын аль нэг нь ганц бие хүний хувиар өргөдөл гаргасан ч  хүүхэд үрчлэх боломжгүй аж.


“Гол журам нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос л хүүхэд үрчлэх боломжтой” хэмээн Хууль зүйн сайд Юдит Варга мэдэгдсэн байна. 


Үүнтэй холбоотойгоор хүүхэд үрчлэн авах үйл явцыг эхлүүлэхийн тулд ганц бие хүмүүс эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хуучныг баримталсан арга замаар өсгөн хүмүүжүүлэх ёстой хэмээн хууль тогтоогчид үндсэн хуульдаа заажээ. 


“Унгар нь хүйснээсээ хамаарч хүүхдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хамгаалж, христийн соёл дээр тулгуурласан үнэ цэнэ, улс орныхоо үндсэн хуулийн өвөрмөц байдал дээр суурилсан хүмүүжлийг олгоно” хэмээн баримт бичигт дурджээ.


Барууны орнуудын үзэл суртлын үйл явцын улмаас хүүхдийг аливаа үзэл суртал, биологийн хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалах шаардлага гарч ирсэн тул өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэмээн эрх баригчид ярьжээ.


Трансжендер хүмүүсийг хүйсээ солиулахыг хориглосон хуулийг Унгар 5 дугаар сард баталсан байна. 


Иргэд ямар хариу үйлдэл үзүүлэв?

Хүний эрхийг хамгаалдаг бүлгүүд шинээр гаргасан дүрэм журмыг шүүмжилжээ. Энэ хуулийг баталснаар ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалдаг холбооны төлөөлөгчдийн хувьд хар өдөр нь болж үлдэж байна” хэмээн “Amnesty Hungary” байгууллагын захирал Дэвид Виг ярьжээ.


"Ийм тааламжгүй уур амьсгалд буй трансжендер хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд бид маш их санаа зовж байна" гэж “Transgender Europe”-н гүйцэтгэх захирал Мэйсен Дэвис мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ