Эмнэлгийн 41 ажилтан коронавирусээр халдварлаж 11 нь эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-15 15:35:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн ажилтай танилцах, хууль тогтоомжийн биелэлтийг хянах үүрэг бүхий ажлын багийг энэ оны 10 дугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгуулсан.


Уг ажлын багийн гишүүд "COVID-19"-өөр халдварласан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цахим хурал зохион байгуулав. Хурлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,  Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар мэдээлэл өгсөн юм.


Манай улсад төдийгүй дэлхий дахинд "COVID-19"-ийн голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан эрсдэлд орж буй юм.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Одоогоор манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан гаргасан таван зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалга юм. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгэх хандлагатай байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна” хэмээв.


Хуралдааны үеэр ажлын багийн гишүүд PCR шинжилгээнд нийт иргэдийг хамруулах шаардлагатай эсэхийг асуухад тандалт хийх байдлаар шинжилгээ хийх нь эдийн засаг болоод илрүүлэлтийн хувьд үр өгөөжтэй гэж ХӨСҮТ-ийн удирдлагууд хариулав.


Ажлын багийн гишүүд эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг байгааг анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинжилгээний аппарат, хүний нөөцийг нэмж бэлтгэл ажлаа хангах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Холбоотой мэдээ