Ковид-19 халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 907 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-13 11:07:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 автолаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 12-нд нийт 14.987 хүнд PCR шинжилгээ хийв.

Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирусний халдвар илрээд байна. Энэ нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээнд оролцож байсан сувилагч халдвар авчээ. Тухайн сувилагч 14 хоног эмчилгээ, үйлчилгээнд оролцоод дараагийн ажиглалтын 7 дахь хоногт шинжилгээ авахад халдварын тохиолдол илрээд байна. 


322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусаад байна.



Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Дорноговь аймагт корона вирусний халдвар бүртгэгдээгүй байна.

  • Нийслэл Улаанбаатар хотод 138,
  • Сэлэнгэ аймагт 208,
  • Дархан-Уулд 45,
  • Орхон аймагт 25,
  • Архангай аймагт  3,
  • Говь-Сүмбэрт 4,
  • Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод бүртгэсэн өвчлөл 454 хэвээр байна. Нийт улсын хэмжээнд “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 907, үүнээс 384 хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн халдварын клиник, Цэргийн төв эмнэлэг болон Хан-Уул дүүрэг дэх 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварын батлагдсан тохиодлын 514 хүнийг эмчилж байна. Ажиглалтад 27, гэрийн ажиглалтад 35, ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 322 хүн байна. 


Холбоотой мэдээ