Хэнтий аймгийн Шуурхай штаб хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-08 17:20:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штабын өнөөдрийн хурлаар "Ковид-19" халдвар бүртгэгдсэн аймгуудаас оюутан сурагчдаа татаж авах асуудлаар хэлэлцлээ.

 

Тухайлбал, Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль, төмөр замын Политехник коллежид суралцаж буй оюутнуудыг маргааш нэгдсэн зохион байгуулалтаар татан авч гэрийн ажиглалт, хяналтад 14 хоног байлгахаар болов.

Харин Говьсүмбэр, Дархан-Уул аймгаас татан авах оюутнуудыг тусгаарлах байранд байрлуулах талаар зөвшилцөж байна. Мөн Дархан хотод байгаа оюутнуудыг тухайн аймагт нь PCR шинжилгээ хийлгэх хүсэлт өнөөдөр илгээж, Авто тээврийн үндэсний төвөөс автобусаар Улаанбаатар хотод ирүүлэх, улмаар ирсэн цэгээс нь Хэнтий аймгаас тусгай унаагаар авахаар болов.

 

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цар тахлын халдваргүй бүс нутгаас зорчиж буй иргэдийг хяналтын постуудад саатуулж чирэгдэл учруулахгүй байхыг холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудаас хүслээ. Халдваргүй бүс нутгаас зорчигчид тухайн газрынхаа Шуурхай штабаас нэвтрэх бичиг авснаар Хэнтий аймаг руу нэвтрэх, дамжин өнгөрөх боломжтой юм. Өнгөрч буй найм хоногийн хугацаанд Хэнтий аймагт 2677 иргэн ирсэн бөгөөд гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа нь дуусаагүй, харьяа эрүүл мэндийн байгууллагынхаа хяналтад байгааг албаны эх сурвалж дуулгалаа.

Холбоотой мэдээ