Индонези улс Хятадаас коронавирусний вакцин авч эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-07 14:31:15

Бээжин /МОНЦАМЭ/. Индонези улс БНХАУ-ын SINOVAC компаниас худалдан авахаар захиалсан коронавирусний вакцины эхний ээлж буюу 1.2 сая тун вакциныг өчигдөр хүлээн авсан байна.

Улмаар Зүүн өмнөд Азидаа цар тахлын халдвар хамгийн их тархаад буй Индонези улсын цар тахалтай тэмцэх үйл явц шинэ шатанд гарах боломжтой болж байгаа юм.

Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо хэлэхдээ, Хятад улсаас авч буй вакцины эхний ээлж буюу 1.2 сая тун вакциныг ням гарагийн орой хүлээн авсан бөгөөд Засгийн газраас ирэх оны 1-р сард дахин 1.8 сая тунг авахаар төлөвлөж байна гэжээ.

Мөн түүний хэлж буйгаар, SINOVAC компани 4.5 сая тун вакцины түүхий эдийг тус улс руу илгээх бөгөөд Индонезийн төрийн өмчит PT Bio Farma эмийн үйлдвэрт боловсруулж хэрэглэх юм.

Индонези улсын хувьд, SINOVAC компаниас гадна дор хаяж гурван өөр төрлийн вакцины захиалга  өгөх бөгөөд үүний дунд туршилтын сүүлийн шатанд ороод буй AstraZeneca компани багтаж байна.

Тус улсын хувьд ЗӨА-д цах тахлын халдвар хамгийн өргөн хэмжээнд тархаад байгаа буюу нийт халдвар авсан тохиолдлын тоо 570 мянгад, нас барагсдын тоо 17 мянгад хүрээд байна. Мөн тус улсын Сангийн сайдын мэдэгдсэнээр, 2022 оныг хүртэл 120 сая иргэнийг үнэ төлбөргүйгээр вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь ДНБ-ийх нь 0.5-1 хувьтай тэнцэх юм.

 

              

Холбоотой мэдээ