Монгол Улс, ОХУ-ын залуус цахим уулзалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиолдуулан өчигдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Хүүхэд залуучуудын холбооны үндэсний зөвлөл, MIREA - Оросын технологийн их сургууль хамтран Орос-Монголын залуусын цахим уулзалт хийв.
Уулзалтын эхэнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Монгол-Оросын харилцааны байдал, хэтийн төлөв, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд залуусын гүйцэтгэх үүргийг дурдаж, залууст чиглэсэн Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Тэрбээ, аль ч улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, түүчээлэгч нь залуус байдгийг цохон тэмдэглээд, “Төрийн болон ТББ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, залуусын чиглэлээр хөрш улс орнууд, бүсийн болон олон улсын түвшинд харилцан суралцах, туршлагаа солилцоход хамтран ажиллахад нээлттэй” гэдгээ илэрхийлсэн.
Энэ үеэр ОХУ-ын Алтай, Буриад, Тува зэрэг хил орчмын бүс нутгийн залуусын төлөөлөгчид МЗХ-ны холбогдох аймгийн төлөөлөлтэй харилцаа тогтоон хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн амжилттай хэрэгжүүлж буй нийгмийн төслүүдийн талаарх
мэдлэг, туршлагаа солилцох, байгаль орчин, экологийн чиглэлээр төсөл, хөтөлбөр
хамтран хэрэгжүүлэх, залуучуудын форум зохион байгуулах тухайд талууд санал бодлоо солилцож, байнгын
харилцаатай ажиллахаар болов.
Уулзалтад залуучуудын талаарх бодлогын асуудал хариуцсан төрийн байгууллагууд, Элчин сайдын яамдын төлөөлөл, хоёр орны залуусын олон нийтийн холбоодын удирдагч, төслийн менежер, орос-монголын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутан гээд 50 гаруй төлөөлөгч оролцжээ.