А.Амбасэлмаа: Нөхцөл байдал ямар байхаас хамаарч дараагийн шийдвэр гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 12:21:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


 -Манай өмнөх хөрш саяхан коронавирусний эх үүсвэрийг хамтран тогтоох судалгаа хийхээр ДЭМБ-ын төлөөлөгчдийг урьсан. Үүнийг тогтоосноор халдварын эмчилгээнд ямар ач тустай вэ, ер нь энэ судалгаа ямар үр дүнтэй талаар мэргэжлийн үүднээс тайлбар өгнө үү?


-Коронавирусний халдварын эх үүсвэрийг олж илрүүлэх нь хамгийн ач холбогдолтой. Халдварын эх үүсвэр, дамжсан зам, гинжин хэлхээг таслан зогсоовол ямар ч голомтыг цомхотгон дардаг учиртай. Юунаас болсныг, бас дамжсан замыг тогтоосноор дэлхий дахины аюулыг багасгах боломжтой. Эмчилгээний хувьд эмнэл зүйн илрэл, хүндрэлийн зэргээс хамаарсан эмчилгээний тактик одоо барьж байна. Эх үүсвэрийг илрүүлбэл халдварын эх уурхай, гинжин хэлхээг таслах, тархалтыг бууруулах үр дүнтэй юм.


-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаанбаатар хот болон 2 аймагт үргэлжилж байна. Мэдээж өвчний тархалтын байдлыг урьдчилан хэлэх төвөгтэй ч, ер нь энэ арга хэмжээний дараа ямар үр дүнд хүрнэ гэж та бүхэн таамаглаж, зорьж байгаа вэ?

-Халдвартай хүнтэй ойр байсан, дам харилцагчдыг илрүүлэх, тархалтыг бууруулахад төрийн байгууллага, ард иргэд хамтран тэмцэж байна. Ингэсний хүчинд манай улсад тархалт "хямгатай" байгаа. Халдвартай хүнийхээ ойрын харилцагчдыг хөөж олоод дахиж илрүүлээд явж байна. Хөл хорио сунгасан энэ 10 хоногтоо халдвар авсан хүмүүсийн ойрын харилцагчдыг хөөцөлдөн илрүүлэх, дахин давтан шинжилгээ хийх, шинэ хавьтал гарахаас болгоомжилж байна. 14 хоногийн нууц үеийн хугацааны дараа хяналтын 14 хоногт давтан шинжилгээ хийх, шинэ харилцагч гарч ирэх эрсдэлээс болгоомжилж байна. Энэ 10 хоногт халдварын нөхцөл байдал халдвар бүртгэгдсэн аймаг, орон нутагт ямар байхаас хамаарч дараагийн асуудлыг шийднэ.

Цаг үе, халдварын нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авах, дэлхий дахинд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа стратеги тактикийг Монголын хөрсөнд тохируулан буулгасан, цар тахлын бэлэн байдлын хариу арга хэмжээний төлөвлөлтийнхөө дагуу ажлаа зохион байгуулж байна.


-Эмнэлгийн хог хаягдлыг хэрхэн устгаж буй талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Эмнэлгээс гарч байгаа халдвартай хог хаягдлыг ариутгах, устгах тушаал шийдвэр бий. “Элемент” компанитай гэрээтэй ажилладаг учир хог хаягдлыг өөр компанид хариуцуулдаггүй. Гэрээний дагуу халдваргүйтгэл хийж устгалд оруулдаг.


-Өнөөдрийн байдлаар хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байна вэ, цаашид ийм шинжилгээг  бүх аймгийн төвд хийх боломжтой юу?

-Аймгуудад PCR шинжилгээ хийх боломжтой. Одоогоор, халдварын голомт огт бүртгэгдээгүй болон кластер өвчлөлтэй гэсэн байдлаар аймгуудыг ангилж байна. Улаанбаатар хот болон халдвартай бүс нутгаас гарч байгаа иргэдэд PCR шинжилгээ хийж баталгаажуулаад, тухайн хүнийг эрүүл гэж үзвэл хот хооронд зорчих эрх олгож байна. Түргэн оношлуурыг орон нутагт ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэж байгаа. 

Холбоотой мэдээ