Мухар шивэртийн ам

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-12-01 15:30:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас хойш 30 км-ийн зайд орших Мухар шивэртийн ам Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг. Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд үе хүртэл мөстэйгөө байх нь бий.

Уулын гүн рүү машинаар орж тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 м явган алхаж Мухар шивэртийн эхэнд хүрнэ. Алхах замд энэхүү аманд авдрын арслан, бүргэд, ачаатай тэмээ, могой, замба гүрвэл мэт дүрслэлтэй хадан тогтцууд байдаг. Тухайн амыг Монгол Улсын начин, их эмч А.Сугиа агсан санаачлан хамгаалж, машин орохоос сэргийлэн хаалт, хадан тогтцуудыг харах тэмдэг тэмдэглэгээ хийж тохижуулсан байдаг. Одоо хэр нь говийн энэ үзэсгэлэнт орчныг хамгаалах ажлыг орон нутгийн иргэд хариуцан ажилладаг.

Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний дагуу аялахыг зөвлөдөг.  Энэ нь Ёл шувууг үргэж дайжихгүй байхад тустай, мөн зэрлэг амьтад, шувуудыг хамгаалахад томоохон  хувь нэмэр болно. Ёлын амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж явбал Мухарт шивэртийн аманд цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг харах боломжтой.



 

Холбоотой мэдээ