Тэжээсэн тугал Тийссэнгийн зорилгыг “эвджээ”

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-11-28 14:53:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Канад улсын иргэн Жереми Тийссэнгийн гэр бүл амьдардаг. Хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлж, чамгүй амжилтад хүрч байгааг сурвалжлахаар зорьсон юм. Мал аж ахуй эрхэлдэг хүн гэрт тогтдоггүй болохоор байсангүй. Охин нь монголоор цэвэрхэн ярих юм.

          - Аав Цагаан гол хавьд яваа. Би утсаар яриад хэлээд өгье.

          - Монгол хэлийг хаана яаж сурав. Сумын сургуульд сурсан уу?

          - Үгүй ээ. Үеийн найз нартайгаа тоглоод л сурсан.

          - Ямар сургуульд сурч байна.

          - Канадын их сургуульд онлайнаар сурч байгаа гэв. Дунд охинтой хөөрөлдсөн нь энэ. Том нь Канадын их сургуульд малын эмч мэргэжлээр сурч, бага нь өнгөрсөн жил 12 дугаар анги дүүргэжээ. Мөн л төрөлх улсынхаа онлайн сургуульд сурчээ.

Канад улсын иргэн Жереми Тийссэнтэй уулзаж ярилцлаа.

- Танай гэр бүл Хутаг-Өндөр суманд хэзээ ирж амьдарсан билээ?

- Монгол Улсад 1993 оны 11-р сард ирсэн. Анх  ирэхдээ төрийн бус байгууллагын шугамаар ирж, хоёр жил Улаанбаатар хотод монгол хэл сурлаа. Тэр хугацаанд хөдөө их явсан. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, зүүн тийшээ Дорнод, Сүхбаатар, Хэнтий явж судалсан. Бидний монгол хэлний багш Хутаг-Өндөр сумын хүн байсан. Тэгээд бид нарыг манай төрсөн нутагт очиж иргэдэд тусалж, ногоо тарихыг сайн зааж өгөөрэй гэсэн. Аймгийн Засаг дарга, сумын Засаг даргыг багш маань таньдаг байсан болохоор гэрээ хийхэд амархан байсан. Тэгээд анх 1996 онд Хутаг-Өндөр суманд ирсэн. 1996-2008 он хүртэл иргэдэд ногоо тарих талаар зааж сургаж байсан.

- Та одоо үхрийн аж ахуй эрхэлж байна. Ер нь хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй үү?

- Канадад үхрийн фермд өссөн хүн. Энэ нутгийн нөхцөлийг хараад мал ахуй эрхлэх боломж байх шиг бодогдсон. 2007 онд нэг айлаас гурван тугал аваад тэжээж, бордоод хүнсэнд хэрэглэсэн. Тэгсэн чинь манай найзууд ирж мах идэнгээ:

- Энэ махыг хаанаас авсан. Зөөлхөн сайхан амттай байна гэсэн.

- Би өөрөө тэжээж бордож гаргасан гэлээ.

- Бид нарт ийм мах бэлтгэж өгөхгүй юу гэсэн. Тэгээд л энэ бизнес эхэлсэн. 2009 онд албан ёсоор “Xanadu Razorback” компани байгуулсан. Махаа нийслэлд дэлгүүрт борлуулж байлаа. Намар идэшний үеэр зарим хүмүүс мах захиалж эхэлсэн. Тэр үеэс л арай илүү боломжтой бизнес байна гэж ойлгосон.

- Зөвхөн бизнес гэж харсан уу? Эсвэл мал аж ахуйн тулгамдсан асуудал нөлөөлсөн үү?

- Ер нь бэлчээрийн асуудал хараад ямар нэг өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм шиг бодогдсон. Малын бэлчээр хумигдах нь ээ. Ирээдүйд аюултай байдалд орно. Даац их хэтэрсэн байна. Монголд 70 орчим сая мал байгаа. Түүний 52,0 хувь төллөдөгүй, сувай мал. Тэр малыг бэлчээрээс татаад фермд оруулбал бэлчээрийн даацыг тэр хэмжээгээр хөнгөлнө гэсэн үг. Байнгын бордоно. Тийм аж ахуй олон байвал бэлчээр амархан сэргэх байх. Дээр нь махны зөөлхөн, мах өөх нь алагладаг чанар нь бас нэмэгдэнэ. Ресторан, томоохон үйлчилгээний төв  гарал үүсэлтэй, арай зөөлхөн, алагласан махыг авах дуртай. Тэгээд ч өнөөдөр өндөр ашиг хүртэхдээ биш цаашдаа үр дүнгээ өгч ашиг унана.

Уламжлалт мал аж ахуйн салбарыг орхихгүй. Малчдаас малыг нь аваад борддог байх өөрчлөлт хийх нь зүйтэй. Манайх шүдлэн үхэр аваад 90-120 хоног борддог. Энэ богино хугацаанд махны чанар өөрчлөгддөг. Тэгэхлээр малчин, ферм хоёр хамтарч ажиллавал монгол махны брэндийг дотооддоо биш экспортод гаргах боломжтой. Махны амт үнэхээр сайхан. Яагаад гэвэл мал бэлчээрийн олон төрлийн өвс идэхээр шимт чанар нь маханд шингээд, Монголын хөрсөнд ургуулсан тэжээлээр тэжээхээр мах нь зөөлөрч зөөлхөн болно. Бордсон малын мах амт нь алдагдахгүй мөртлөө зөөлөн сайхан болдог. Хүмүүс заавал том эрлийз мал авч бордос ёстой гэж боддог. Тийм ойлголт байхгүй. Шаардлагагүй. Монгол үхрээс ийм гоё брэнд мах гаргах боломжтой. Бие нь жижиг болохоос биш махны чанар үнэхээр сайн байна.

- Жилд хэдэн үхэр борддог вэ?

- 400-500 үхэр авч борддог. Дандаа шүдлэн үхэр аваад 90-120 хоног бордоно. Тэгэхэд 90-120 кг жин нэмдэг. Өөрөөр хэлбэл өдөрт нэг кг жин нэмж байгаа.

Өнгөрсөн жил 40,0 тонн мах бэлтгэсэн.

          - Үхрээ хэзээ авдаг вэ? Манайхан хавар мал аваад зун нь таргалуулж намар борлуулдаг.

- Жилийн турш байнга авна. Сард 40-50 үхэр нядалж байгаа.

- Бүтээгдэхүүнээ зах зээлд яаж гаргаж байна вэ?

- Бордсон үхрээ үйлдвэрийн аргаар нядалгаанд оруулна. Махаа технологийн дагуу сэврээнэ. Тэгээд жижиглэн вакуум савлагаатайгаар борлуулж байгаа.

- Үхэр бордох тэжээлээ яаж бэлтгэж байна вэ?

- Энэ жил 130 га талбайд тэжээл тариалсан. Голдуу овьёос. Ногоон тэжээл болгоод даршилдаг. Одоо 1200-1300 тонн дарш бэлтгэж байгаа. Жилээ даах байх. Хивэг, тэжээлийн будаа авна. Дарш үнэхээр сайн малын тэжээл. Өвөл мал даарахгүй. Энэ жил үрийн жижиг төмс даршинд хийж байгаа. Ер нь даршинд олон ургамал хольж хийх юм бол чанартай тэжээл гарна. Бас цөөхөн га талбайд судан өвс тариалж туршиж үзсэн. Судан өвс шим тэжээл сайтай, хөрс сэргээдэг гэнэ. Хавар эрт таривал жилд хоёр удаа ургац авах боломжтой юм байна. Га-гаас өндөр ургац авах төдийгүй шимт чанарын хувьд эрдэнэшишийн 80-90 хувьтай тэнцдэг гэж үздэг.

- Мал бордох арга ажиллагаа байгаа байх.

- Ямар тэжээлийг хэдий хэмжээтэй өгөх технологи бий. Монгол үхэрт олон үүлдэр бий. Түүнд тохирсон бордох арга байна. Бас малын ерөнхий байдлыг харах хэрэгтэй. Үхэр бордохдоо олон жилийн туршлага, малынхаа байдлыг харж зохицуулаад явж байна.

- Үхэрт шинжилгээ хийх үү?

- Малын эмч үздэг. Улаанбаатар хотоос малын эмч нар ирээд цусны шинжилгээ авдаг. Маханд лабораторийн шинжилгээ хийдэг.

- Мах экспортлох шаардлага хангаж байна уу?

- Экспортод гаргахад бэлэн. Харин хэмжээнд нь хүрэхгүй байна. Сард 20 тонн гаргах хэрэгтэй байна. Өөр компанитай нийлээд том зах зээл “базаж” авч болно. Ганцаараа зүтгэж явах юм бол аль аль нь амжилт олохгүй. Малчид, үйлдвэрлэгчид хорших, дагнах тал дээр анхаарах хэрэгтэй санагддаг. Малчид малынхаа чанарыг сайжруулж маллаад, бордох хүн нь бордоно. Мах үйлдвэрлэгч мөн адил дагнах хэрэгтэй. Тэгвэл хүмүүс олон зүйлд самгардахгүй амжилтад хүрэх боломжтой. Малчид малаа сайн маллахаа хэнээр ч заалгахгүй. Харин малаа хаана борлуулна гэж санаа зовох зүйлгүй сэтгэл амар байна. Зах зээл тодорхой. Жилийн турш мал бордоно. Махны үйлдвэр тогтмол ажиллах болно. Тэгвэл нөөцийн мах гаргах шаардлага байхгүй. Махны үнийн хэлбэлзэл байхгүй болно.

- Танай компани олон ажилтантай юу?

- Анх компани байгуулахдаа манай гэр бүл, эхнэр, хүүхдүүд оролцож, үхэр тэжээж байсан. Бүх ажлаа гэр бүлээрээ хийдэг байсан. Одоо нэлээд өргөжсөн. Гэр бүлээрээ ажиллаж дийлэхгүй байна. Өнөөдрийн байдлаар 14 ажилчидтай. Хутаг-Өндөр сумын иргэд байна. Улаанбаатар хотод бас таван хүн байдаг.

Бид нар хүмүүсийн амьдралд яаж туслах вэ гэж боддог байсан. Тэгэхлээр баталгаатай  ажлын байр хэрэгтэй юм байна. Ажлын байр бий болгож чадах юм бол сайхан амьдарч болдог. Миний бодлоор хангайн бүх сум ядаж нэг ийм фермтэй баймаар байна. Бэлчээр муудаад байгаа учраас жил ирэх тусам малын махны гарц, гулуузны жин хасагдаж байна. Хэрвээ ийм фермийн аж ахуй байгуулаад малынхаа ашиг шимийг хурдан нэмэгдүүлээд махны гулуузны жинг өсгөөд ирвэл илүү ашиг тусаа өгөх болно.

- Монгол, Канад хоёр улсыг харьцуулахад мал аж ахуйн бизнес эрхлэх боломж ямар байдаг бол?

- Монголд маш их боломж байгаа. Канадад бүх юм шийдэгдсэн байна. Ферм байгуулмаар байвал маш их өндөр үнэтэй бараг дийлдэхгүй. Энд болохоор бүх юм эхэлж байгаа. Өнөө, маргааш ашиг их байхгүй байж магадгүй. Гэхдээ ирээдүй нь байгаа. Монголд зах зээл гайгүй болж байгаа. Мөн мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын зах зээл бэлэн байна. Махны үйлдвэрлэлийг анхнаас нь зөв эрхлэх хэрэгтэй. Малын эм тариа, махны гарал үүсэл зөв байх ёстой. Мал аж ахуйн салбар Монголд үнэхээр том зах зээл байна. Жил бүр өсч төлжиж байдаг дундаршгүй баялаг. Шүдлэн үхэр энэ жил авахад дараа жил тэр тоогоороо зах зээл дээр байдаг. Харин уул уурхай болохоор ухаад дуусдаг.

- Таны эхнэр ямар мэргэжилтэй вэ?

- Зураач. Рокси гэдэг. Ойрд завгүй учир зураг зурж чадахгүй байгаа.

- Танайхан Канадаас ирдэг үү?

- Би хоёр ахтай. Тэд Канадад байгаа. Тариа тарьдаг, мал аж ахуйн фермер эрхэлж байгаа хүмүүс. Хамгийн том ах ирж үзсэн. Аав ээж олон удаа айлчилсан. Аав ээж маань тариа тарьдаг хүмүүс. Ирэх их дуртай. Хадмууд ч олон ирсэн. Монгол орон сайхан. Сайхан байгальтай. Том газар нутагтай. Хүн ам цөөхөн. Ард олон тааваараа, тайван. Үнэхээр сэтгэл хорогддог. Монголоос явья гэхэд хэцүү.

Ярилцсан танд баярлалаа

Холбоотой мэдээ