Л.Мянганбаяр: Хоёрдагч хавьтагч нараас авсан сүүлийн шинжилгээг өнөө шөнө Улаанбаатар хот руу тээвэрлэнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-24 18:08:00

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илэрсэн өвчтөний хоёрдагч хавьтагчаар бүртгэгдсэн Бөхмөрөн, Түргэн, Улаангом сумын нийт 16 хүнээс авсан гурав дахь удаагийн шинжилгээний сорьцыг өнөө шөнө Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж байна. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мянганбаяраас тодрууллаа.


-Тусгаарлах байранд байгаа хүмүүсээс сүүлийн шинжилгээг өнөөдөр авсан уу?

-Коронавирусний халдвар илэрсэн өвчтөний хоёрдагч хавьтлаар бүртгэгдсэн Бөхмөрөн, Түргэн сумын болон аймгийн төвийн харьяат нийт 16 хүнээс гурав дахь шинжилгээг өнөөдөр авч байгаа. Эдгээр сумд руу явсан автомашин орой ирвэл өнөө шөнөдөө багтаагаад сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэнэ. Эдгээр хүмүүсийн эхний хоёр шинжилгээний хариу сөрөг гарсан. Тусгаарлах байранд болон гэрийн ажиглалтад байгаа бүх хүмүүсийн биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэгэн зовуурь, өвчний шинж тэмдэггүй байгаа.

Хоёр дахь удаагийн шинжилгээг бид Улаанбаатар хот руу бус Ховд аймаг дахь бүсийн төв эмнэлэг руу илгээсэн. Ер нь цаашдаа хот руу биш, Ховд аймаг руу шинжилгээ илгээх нь илүү хямд зардалтай байгаа.

-Аймгийн хэмжээнд хэчнээн хүн тусгаарлагдаж байна вэ?

-Тусгаарлан ажиглах байранд 26, гэрийн ажиглалтад 241 хүн байгаа бөгөөд тэдэнд 52 эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

-Тус аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэлсэн юм уу?

-Энэ сарын 22-ны өдрөөс эхлээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид коронавирусний халдварын шинжилгээг түргэвчилсэн оношлуураар авч эхлээд байна. Сүүлийн 3 хоногийн хугацаанд энэ шинжилгээг 39 хүнд хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Эдгээр нь Улаанбаатар хотоос хүнсний бараа тээвэрлэж ирсэн автомашины жолооч голдуу хүмүүс байгаа.

Манай аймагт Эрүүл мэндийн яамнаас 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур илгээснийг сум тус бүрт 25 ширхэгээр хуваарилсан. Одоо нэмээд 4000 ширхэг оношлуур өгөхөөр болсон. Иймээс хотоос болон бусад аймаг сумаас ирж байгаа бүх хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. Мөн аймаг, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын өвчтэй бүх хүнээс түргэвчилсэн оношлуураар сорьц авч шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байгаа.

Манай аймгийн 10 гаруй эмч Улаанбаатар хотод сургалт зөвлөгөөнд сууж байгаад хөл хорионд орсон. Эдгээр хүмүүсийг сорьц тээвэрлэсэн пургоноороо авах саналаа яаманд хүргүүлсэн.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ