Ш.Оргил: Хүн амынхаа дунд оношилгоо илрүүлгийн ажлыг эрчимтэй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-21 20:52:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 21-ний байдлаар нийт батлагдсан тохиолдол 58 бүртгэгдэж, өмнөх өдрийнхөөс таван тохиолдол нэмэгдээд байна. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрч байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Сэлэнгэ аймгийн тухайд тохиолдол огцом өсч байгаад бухимдаж, эмзэглэхгүй байхыг аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ сарын 21-ний өдрийн мэдээлэлдээ анхаарууллаа.

Тэрээр: ”Энэ тоонд та бид эмзэглэх учиргүй. Энэ бол өвчин. Өвчин өвчиндөө аюултай вирусийн тахал. Үүссэн нөхцөл байдлын үүднээс нэн тэргүүнд авч хэрэгжүүлж байгаа бидний ажил бол хүн амынхаа дунд оношилгоо илрүүлгийн ажлыг эрчимтэй хийх юм. Тэр ч үүднээс Сүхбаатар, Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилж оношлох ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай эмнэлгийн баг 15450 хүнийг эрт илрүүлгийн оношилгоонд хамруулсан. 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 9 хоногийн хугацаанд 1239 иргэнээс PCR-ийн шинжилгээ авснаас 58 иргэний шинжилгээний хариу эерэг гарч ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах 13 байранд 251 иргэн байгаа. Хүн амын хэдэн хувь нь эрүүл байна, хэдэн хувьд нь тархалт байна гэдгийг тогтоох нь манай аймгийн Онцгой комиссын нэн тэргүүнд хийж байгаа ажил. Мөн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй Мандал суманд энэхүү аюулт өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссын зүгээс хүн хүчээ хуваарилж тус суманд Мэргэжлийн зөвлөгөө өгч, сумын онцгой комисстой хамтран чиглүүлж ажиллах багийг улс, аймгаас томилгоожуулан ажиллуулж байна. Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах, тархалтыг цааш алдалгүй яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг цаг алдалгүй авч байгаа. Тиймээс Мандал сумын иргэд аймаг, сумынхаа онцгой комиссын зөвлөгөө, үүрэг чиглэлийг биелүүлж, хүн бүр сонор сэрэмжээ дээшлүүлж, ариутгал эрүүл ахуйн дэглэмээ чандлан сахихыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ