Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-20 11:53:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж буй.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын даргын захирамж гарч, аймгийн Онцгой комиссын гишүүд, ААН, байгууллагын дарга нарт хүргүүлжээ. Захирамжид “УИХ-аар 2020 онд нэмэлт өөрчлөлт орсон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Гамшгаас хамгаалах,  эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан тул энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй.

Мөн байгууллагынхаа гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах зорилгоор гамшгийн эрсдэлийг бууруулах сан байгуулж, хөдөлмөр хамгааллын хувцас, аврах ажлын багаж хэрэгслээр алба хаагчдыг хангаж, гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгож байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ