Баруун талдаа хүрдтэй автомашины импортыг үе шаттай хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-18 14:52:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлыг товчоор хүргэж байна.


-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана.


-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав.


-Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.


- Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав.


-Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ.


-Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.


-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.


-Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инновац, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.


Мөн хуралдаанаар Коронавируст цар тахлыг үед хэрэгжүүлэх 23 арга хэмжээ бүхий тогтоол баталсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоотой мэдээ