Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бол 7045103, 96453149 утсанд хандаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-13 17:00:32

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварыг аймаг орон нутагтаа тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн ЭМГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар аймгийн ЭМГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Л.Мянганбаяраас тодрууллаа.  


-Аймгийн ЭМГ-аас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн шөнө аймгийн төвөөс хөдөлсөн манай тандалт судалгааны нэгдүгээр баг өнөө өглөө 7.00 цагт Бөхмөрөн суманд очиж ажиллан коронавирусний халдвартай иргэний 1-р хавьтагчтай хамт байсан тус сумын харьяат гурван иргэнээс шинжилгээний дээж авсан. Бөхмөрөн сум аймгийн төвөөс алслагдмал тул тэд орой аймгийн төвд орж ирэх байх. Эдгээр гурван иргэнээс гадна тэдэнтэй хамт Улаанбаатар хотоос унаанд нь дайгдаж ирсэн Түргэн сумын нэг гэр бүлийн гурван хүнээс мөн шинжилгээний дээж авсан. Үндсэндээ эдгээр 6 хүнээс гадна “Хархан нүдэн” тоглолт үзсэн гурван иргэн аймгийн төвд тусгаарлалтад байгаа бөгөөд нийт 9 хүнээс шинжилгээний дээж авч эхний ээлжинд өнөөдөр Улаанбаатар хот руу тусгай машинаар ХӨСҮТ-д илгээнэ. Шинжилгээний хариу 3 хоногийн дараа гарах бөгөөд эндээс хот руу явсан машин замдаа нэг хононо гэхээр бараг 4-5 хоногийн дараа шинжилгээний хариу гарах байх. Дээрх 9 хүний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд бүгдийг нь гэр гэрт нь тусгаарлаж, эмч мэргэжилтнүүд хяналтдаа авсан. Мөн гэр орныг нь ариутгаж халдваргүйжүүлсэн байгаа.

-Ард иргэдэд хандан юуг зөвлөх вэ?

-Юуны өмнө ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, шаардлагагүй бол гадуур гарахгүй байх нь чухал байна. Хэрвээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бол хамгийн түрүүнд 7045103 тоот утас болон Эрүүл мэндийн газрын 96453149 утсанд хандаарай.

Эм тарианы хангамжийн хувьд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүд нэг сарын хувцас хамгаалах хэрэгсэл болон эм тарианы нөөцтэй байна.

Аймгийн төвд Улаангом политехник коллежийн дотуур байр болон зочид буудлуудыг тусгаарлах байрны зориулалтаар ажиллуулахаар бэлдсэн. Мөн тусгаарлах байранд ажиллах хүний нөөцөө бэлтгэж, дадлагажуулж сургасан байгаа. Мөн сумдын эмнэлэгт хоёр ортой нэг өрөөнүүд бэлдсэн ба шаардлагатай гэвэл сургуулийн дотуур байрнуудыг тусгаарлах байраар ашиглана.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ