Хөл хорионы хатуу дэглэмд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-13 09:10:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 2020 оны 11 сарын 12-ны 21.00 цаг болон 00.00 цагаас хоёр удаа хуралдаа. Уг хуралдаанаар салбар албадууд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллээ хийв. Эхний хуралдаанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр оролцож нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцсан. Тэрээр хуралдааны төгсгөлд хэлэхдээ: Бид өнгөрсөн 10 сарын хугацаанд зөвхөн урьдчилан сэргийлж ажиллаж байсан бол одоо дотоодод илэрсэн энэ цаг үед тэмцэж ажиллах болсон. Тиймээс Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг сайтар биелүүлж ажиллахыг хүслээ.

Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт бүртгэгдсэнтэй холбогдуулан хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, хяналтын постуудыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 74 настай иргэний ойрын хамаарал бүхий иргэн Дархан суманд ирж зах, худалдааны төвүүд, кино театрт орсон мэдээлэл байгаа. Үүнийг тодруулж явсан маршрутын зураглал гаргахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

2020 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 00.00 цагаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ.

Гамшгаас хамгаалах гурван төрлийн бэлэн байдал байдаг аж. Нэгдүгээрт өдөр тутмын бэлэн байдал, хоёрдугаарт өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаарт бүх нийтийн бэлэн байдал. Энэ удаад уг гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүргийг өндөр хэмжээнд хүргэж байна гэж Аймгийн онцгой комиссын дэд дарга С.Пүрэвсамдан онцоллоо. Мөн хот доторх иргэдийн болон авто машины хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо. Ингэснээр зөвхөн хуульд заасан алба хаагчид, тээврийн хэрэгсэл ажил үүргээ гүйцэтгэх аж.

Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хөл хорио тогтоох тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Иргэдэд худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөн, 18 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй, иргэнд нэг удаад их хэмжээгээр хүнсний бараа худалдаалахгүй байхыг тухайн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо. Мөн дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, зочид буудалд байрлаж буй иргэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлан, гаднаас хүн нэмж оруулахгүй байхыг тухайн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгов.

Түүнчлэн иргэд хүнс цуглуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ундны усны нөөцөө /гэр хорооллын иргэд/ бүрдүүлэхээс бусад тохиолдолд орон гэрээсээ гарахыг хориглолоо.

 

Холбоотой мэдээ