Монголын байгалийн ургамлын дижитал сан үүсгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-11-12 07:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС хамтран Монгол орны байгалийн ургамлын дижитал гербарын сан үүсгэнэ.


Монгол орны байгалийн ургамлын цуглуулгын сан одоогоор ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын сан (Herbarium UBA) 80 мянган хуудас, МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын сан (Herbarium UBU) 20 мянган хуудас гуурст ургамлын цуглуулгатай.


“Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан”-гийн бүрэлдэхүүн болох энэ цуглуулгын сан хөмрөгийг олон улсын жишигт нийцүүлэн дижитал хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан үүсгэснээр Монгол орны ургамлын олон янз байдлын хосгүй үнэт материал найдвартай хадгалагдана.


Энэ нь Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох, байгалийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, тэдгээрийн тархац-нөөцийг тогтоох, өөрчлөлт хандлагыг хянах мониторинг судалгааны шинжлэх ухааны суурь мэдээлэл болно.


Мөн шийдвэр гаргагч, гадаад дотоодын эрдэмтэн судлаач, ард иргэд ургамлын талаарх хэрэгтэй мэдээллээ интернэтээс шуурхай олж, ашиглах нөхцөл ач холбогдолтой.

Холбоотой мэдээ