Арменийн сөрөг хүчнийхэн Карабахын асуудлаарх хэлэлцээрээс гарахын тулд парламентаа хуралдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-10 15:07:24

ЕРЕВАН. /ТАСС/. Армени улсыг Карабахын хэлэлцээрээс гаргахын тулд хууль тогтоох байгууллагын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна гэж тус улсын парламент дахь сөрөг хүчний “Хөгжиж буй Армени” фракцын төлөөлөгч Наира Зограбян сэтгүүлчдэд мэдээлжээ.


“Бид одоо цаашид хэрхэх талаар хуульчидтай зөвлөлдөж байна. Гэхдээ уг мэдэгдлийг цуцлахын тулд парламентын ээлжит бус чуулган хуралдах шаардлагатай. Бид одоо үүн дээр ажиллаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


11 дүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны төрийн тэргүүн Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар Уулын Карабах дахь дайныг зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.


Харин арменичууд уг мэдэгдэлд гарын үсэг зурсныг эсэргүүцэн, парламентын ордон руу дайран орсон талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Мягмар гарагт шилжих шөнө Арменийн нийслэл Ереван хотын төвд болсон эмх замбараагүй байдлын үеэр парламентын дарга Арарат Мирзоян гэмтжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


Үүний зэрэгцээ Арменийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид гурван улсын удирдагчдын гарын үсэг зурсан Уулын Карабах дахь мөргөлдөөнийг зохицуулах тухай гэрээг дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдээд, улс орны байдлыг тогтворгүй болгох үйл ажиллагаанаас татгалзахыг арменичуудад уриалсан байна.


Холбоотой мэдээ