Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит аймгийн хүндэт шагналыг Д.Дэлгэрцэцэг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 17:05:29

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын анхны ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит аймгийн хүндэт шагналыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Дүрслэл оношилгооны тасгийн эрхлэгч, их эмч Д.Дэлгэрцэцэгт олголоо.

Булган нутгийн төдийгүй эх орныхоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинжлэх ухааны болон технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Дүрс оношилгооны лавлагаа төв” байгуулсны ойгоор түүнийг шагнасан байна. Монгол орны дүрс оношлогооны салбарыг үндэслэгчийн нэг анхны ардын эмч, төрийн соёрхолт, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит “Дүрс оношилгооны төв” байгуулахад Д.Дэлгэрцэцэг эмч оролцож, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд рентген, компьютерт томограф шинжилгээ, оношилгоо, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, хойч үеийнхэнд эзэмшүүлэх, дүрс оношилгооны эмч нарыг мэргэшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр үр бүтээл гаргажээ. Арван жилийн хугацаанд 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт хийсэн байна.

Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит аймгийн хүндэт шагналыг өмнө нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Дүрслэл оношилгооны тасгийн зөвлөх эмч, “Р.Пүрэв сан”-гийн тэргүүн Ц.Бадамсэд, аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны ахмад эмч Д.Лхагважав нар хүртсэн юм.

Холбоотой мэдээ