Төрийн албаны ерөнхий шалгалтыг дэлгэцээр нээлттэй харуулж байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-06 21:25:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг зохин байгуулж эхэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах салбар комиссоос бэлтгэл ажлыг бүрэн хангаж, иргэдийн шалгалт өгөх танхимын хуваарийг Төрийн албаны төв зөвлөл тусгай программ ашиглан хийгээд байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тус аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 496 иргэн бүртгүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нийт арван ээлжээр орох юм. Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн эхний ээлжийн шалгалтыг өглөөний 08:00 цагт эхлүүлж, энэ өдрийн хуваарьт таван ээлжийн шалгалтууд дуусаж байна. Маргааш  буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр мөн цагийн хуваарийн дагуу шалгалтыг хоёр танхимд таван ээлжээр зохион байгуулах тул бүртгүүлсэн иргэд цагаасаа хоцрохгүй байхыг хүсэж байна. Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байршуулсан бөгөөд шалгалтын үйл явцыг сонирхсон иргэн үзэх боломжийг бүрдүүлж Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрлуулсан байгаа. Шалгалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг хуваарийн дагуу ажиллаж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн газрын алба хаагчид хэв журам сахиулж байна. Харин Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд оролцогч иргэдийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавин ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.  

 

Төрийн албаны ерөнхий шалгалтад гурван шалгалтыг өгнө

Төрийн албаны ерөнхий шалгалт нь 60 минут үргэлжилнэ.

Тодруулбал, ерөнхий мэдлэгийн шалгалт 30 минут, монгол хэл, бичгийн чадварын шалгалт 20 минут, дүн шинжилгээ хийх чадварын шалгалт 10 минут гэхчлэн үргэлжилнэ. Ерөнхий мэдлийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, Төрийн албаны тухай хууль, эрх зүй-20 оноо, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг 20 оноо. Мэдээллийн технологи 15 оноо, нийт 55 хүртэл оноогоор үнэлэгдэнэ. Шалгалтад оролцогч иргэн нь 35 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн чадварын шалгалт нь монгол хэл, кирилл бичиг 20 оноо. Монгол хэл, үндэсний бичиг 10 оноо, нийт 30 хүртэл оноогоор үнэлнэ. 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шатанд орох эрхтэй. Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт нь сэтгэхүйн чадамж буюу логик сэтгэлгээг 15 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцно. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогч иргэн нь дээрх бүрэлдэхүүн гурван шалгалт тус бүрийн босго онооны болзлыг хангаж, тэдгээрийн  нийлбэр 65 ба түүнээс дээш оноо авч, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажсанаар Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцогдоно гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 



Холбоотой мэдээ