У.Хүрэлсүх:“Covid-19” цар тахлыг дотооддоо алдахгүй байхад зам тээврийн салбарын үүрэг их
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ИНЕГ, МИАТ, Улаанбаатар төмөр зам, хувийн хэвшлийн авиа компанийн ажилтай танилцав.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ерөнхий сайдыг салбарын ажилтай танилцах үеэр хэлэхдээ, “Зам тээврийн салбарт нийт 42 000 хүн ажилладаг. 2020 оныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн жил болгосон. Ирэх онд энэ ажлаа үргэлжлүүлэхээс гадна замын засвар, арчилгаа хийх жил болгон зарлана.
Мөн, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг олонд нээлттэй болгож, “аз”-ын гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Мөнгийг улсын төсөвт оруулах ч яваандаа ахмад настныг дэмжих, цэцэрлэг байгуулах зэрэг нийгмийн тустай ажилд зориулна” гэв.
Ирэх дөрвөн жилд хатуу хучилттай 2022 км авто зам ашиглалтад оруулна
Засгийн газраас Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км автозамын сүлжээг ирэх онд бүрэн ашиглалтад оруулна.
Мөн авто замын салбарт 2020-2024 онд улсын хэмжээнд орон нутгийн хөгжил аялал жуулчлалыг дэмжсэн 2022 км хатуу хучилттай авто зам, 1172,5 урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сумдын төвийг хямд өртөгтэй хөнгөвчилсөн автозамаар холбох “Нутгийн зам” төслийн хүрээнд ирэх дөрвөн жилд 45 орчим сум суурин газрыг холбож, дэд бүтцийн хүртээмжийг сайруулах аж.
Монгол Улс нийт 112,4 мянган км автозамын сүлжээтэй. Нийт 6511,4 км нь хатуу хучилттай зам ашиглаж байгаа. Энэ онд Говь-Алтай аймаг нийслэл хоттой холбогдсоноор Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой холбогдож нийт 20 аймаг, нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна.
Авто замын улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийт 123 чиглэлийн 1,9 мянган км автозам болон 27 байршилд 1,4 мянган урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Орон нутагт ложистик төвүүд байгуулж байна
Засгийн газраас Монгол Улсын ачаа тээврийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд орон нутагт хэд хэдэн ложистик төв байгуулна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс суманд холимог тээврийн, Орхон, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт хүнс хөдөө аж ахуй, ургац тариалан, барилгын материалын үйлдвэрлэл түшиглэсэн орон нутгийн логистик төв байгуулах юм.
Түүнчлэн, авто тээврийн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр багагүй бүтээн байгуулалт хийжээ. Дурдвал, Төв аймгийн Лүн, Баянчандмань сум, Ховд аймгийн Дарви, Хэнтий аймгийн Өндөрхаан, Дорноговь аймгийн Сайншанд суманд зорчигч тээврийн авто буудал, зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулав.
Засгийн газрын авто зогсоол байгуулах тухай тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтод “Түгээмэл түмэн хишиг” ХХК 19 тэрбумын төсөвт өртгөөр авто зогсоол байгуулжээ.
Мөн тус аймгийн Цогтцэций суманд “Шанх манинг” ХХК авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн ажлаа эхлүүлж, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улсын үндэсний тээврийн сүлжээг бүрдүүлэгч авто тээврийн салбар нийт ачаа тээврийн 65, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж байна.
Төмөр замын салбар энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил эхлүүлж, газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр зам тавьжээ. Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаянгийн 414,6 км төмөр зам тавьсан юм.
Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүс нутгийн ложистикийн төвийн ажлыг эхлүүлээд байна.
Төмөр замын төв коридорын хүчин чадлыг нэмэхээр Богдхан төмөр замын ТЭЗҮ судалгаа хийх болон УБТЗ-ын техникийн шинэчлэлийн хөтөлбөр эхлүүлнэ.
Мөн төмөр замын сүлжээг өргөжүүлэхээр говийн бүсийн төмөр зам барих, зүүн бүсийн Сайншанд-Баруун-Урт, Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км, Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 км төмөр замын төслийг эхлүүлэх, баруун босоо төмөр замын ТЭЗҮ судалгаа хийж дуусгахыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.
Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг засварлаж сайжруулна
Орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэхээр Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлжээ.
Мөн Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлыг засварлан сайжруулж байна.
Агаарын тээврийн салбарт орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, ажлын байр олшруулах, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх Засгийн газраас анхаарч байна.
Энэ хүрээнд Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж С4 болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж 3D болгох, мөн ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулаад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын тээврийн салбарт Япон улсын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл”-ийн барилгыг улсын комисс хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-нд салбарын албан хаагчидтай уулзан, дэлхий нийтийг хамраад байгаа “Covid-19” цар тахлыг дотооддоо алдаагүйд зам тээврийн салбарын оролцоо их. Цар тахлыг дотооддоо алдах нь улсын аюулгүй байдалтай холбоотой тул вакцин гарах хүртэл хилээр нэвтрэхийг хязгаарлахаа онцлов.
Тэрбээр цааш нь ярихдаа, “Монгол Улсын эдийн засаг ирэх жил 7-8,2 хувь өснө гэсэн таамаглалтай байгаа. Засгийн газар ирэх 4-12 жилд суурь найман чиглэлд голлон анхаарна. Үүнд,
1.эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах
2.газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах
3. Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах
4. Төмөр зам, авто замыг өөрсдийн хүчээр тавьж, дэд бүтцээ өргөтгөх
5.төрийн үйлчилгээг e-Mongolia сүлжээнд бүрэн холбох
6.экспортын чиг баримжаатай зэс, ган, нүүрс, ноос, арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулах,
7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх
8.нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага тогтоох хэмээсэн юм.