А.Лукашенкогийн эсрэг жагсаалд ахмад настнууд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-27 14:38:26

МИНСК. /NHK/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардаж буй ажилтнуудын ажил хаялтад ахмад настнууд нэгджээ. А.Лукашенко ням гараг гэхэд огцрох сөрөг хүчний шаардлагыг биелүүлээгүй тул тэд ийнхүү жагсжээ.


Төрийн мэдлийн зарим компани болон бусад байгууллагын ажилтнууд даваа гаргаас ажил хаяж эхэлсэн бөгөөд Минск хотод ахмад настнууд залуучуудын жагсаалд нэгдэж, хойч үеийнхээ ирээдүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.


“Аюулаас хамгаалах хүчнийхэн залуучуудыг мөрдөн мөшгиж, тэднийг ямар ч шалтгаангүйгээр зовоож байна. Ач зээ нар маань чөлөөтэй улсад амьдрах өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна” гэж нэгэн эмэгтэй хэлжээ.


Ажил хаяхыг уриалсан сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская даваа гарагт нийгмийн сүлжээгээрээ дамжуулан, беларусьчууд эрх чөлөөний төлөө, шинэ сонгууль явуулахын төлөө дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдсэн байна.


Беларусьт наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. 

Холбоотой мэдээ