Г.Ганбаяр:Орон нутагт оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-10-26 14:15:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудлыг ирэх жилээс ажил хэрэг болгоно хэмээн БШУ-ны дэд  сайд Г.Ганбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ, “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Харин МУИС-ийг нүүлгэх шаардлагагүй гэж үзсэн. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ" гэв.


Мөн тэрбээр их, дээд сургуулиудад хийж байгаа шалгалтын талаар, "Сошиалд 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Ер нь бүх их, дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна” гэв.


Холбоотой мэдээ