Египетийн нисэх онгоц радараас алга болохоосоо өмнө чиглэлээ өөрчлөөгүй гэв

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-24 10:24:44

КАИР. /ВВС/. Газар Дундын тэнгист сүйрсэн Египетийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц радарын дэлгэцэнд үзэгдэхгүй болохоосоо өмнө чиглэлээ өөрчлөөгүй гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Парисаас Каирын чиглэлд нисч явсан “Airbus A320” онгоц өнгөрсөн пүрэв гарагт радарт харагдахгүй алга болсон бөгөөд нийт 66 хүн уг онгоцонд сууж явжээ.

Грекийн Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, уг онгоц унахаасаа өмнө зүүн тийш 90 градусын эргэлт хийж, дараа нь баруун тийш 360 градус эргэсэн байна.

Харин Египетийн албаны хүмүүс үүнийг няцааж, уг онгоц ямар нэгэн ер бусын огцом хөдөлгөөн хийгээгүй гэж мэдэгджээ.

“Airbus A320” нисэх онгоц радараас алга болохоосоо өмнө 11 280 метрийн буюу хэвийн өндөрт нисч байсан гэж Египетийн агаарын навигацийн үйлчилгээ үзүүлдэг төрийн мэдлийн компанийн захирал Ехаб Азми мэдэгдэв. Онгоцны зарим сэгүүдийг олжээ.

Мөн тэрбээр "дээрх баримтууд нь онгоц радараас алга болохоосоо өмнө өндрөө гэнэт алдсан гэх грекчүүдийн хийж буй дүгнэлттэй зөрж байна" гэж хэллээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ