Вашингтонд цэргийн парад болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа томоохон хэмжээний цэргийн парадыг Вашингтон хотноо бямба гарагт зохион байгуулжээ. Уг парад Д.Трампын 79 насны төрсөн өдөртэй давхацсан нь АНУ даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалахад хүргэсэн байна.
Парад орон нутгийн цагаар 19:30 цагт эхэлж, Линкольны
дурсгалын цогцолборын орчмоос Цагаан ордны өмнөд тал хүртэл үргэлжилжээ. АНУ-ын
армийн мэдээлснээр, парадад “Abrams” танк зэрэг 150 орчим цэргийн техник
хэрэгсэл, “Blackhawk” нисдэг тэрэг зэрэг 50 орчим нисэх онгоц оролцжээ. Мөн
6700 орчим цэрэг оролцсон гэж тооцоолж байна.
1991 оны Булангийн дайны дараа Ерөнхийлөгч Жорж Буш зохион байгуулж байсан парадаас хойш Вашингтонд болсон анхны томоохон цэргийн парад энэ
болж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Армийн хэвлэлийн төлөөлөгч,
дэд хурандаа Патрик Хустед NHK телевизэд мэдээлэхдээ, энэхүү парад нь армийн
250 жилийн ой, АНУ-ын төлөө амь насаа зориулсан цэргүүдийн дурсгалыг
хүндэтгэж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм гэжээ.
АНУ-ын арми парадад 45 сая доллар зарцуулна гэж тооцоолсон нь цэргийн нөөцийг зохисгүй ашиглаж байна гэж шүүмжилж буй хүмүүс болон зэвсэгт хүчнийг улс төржүүлж байна хэмээн үзэж буй зарим иргэний шүүмжлэлд өртөөд байна. Америк даяар 2000 гаруй газарт “Хаан хэрэггүй” нэртэй эсэргүүцлийн жагсаал болж магадгүй байгаа тул мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлол мөн үүсээд байна.