Идэвхтэй алхалтад 500 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-21 21:00:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор автомашингүй өдрийг тэмдэглэв.  

Тус үйл ажиллагаанд 30 байгууллагын 510 иргэн оролцож алхалтыг Чингүнжавын талбайгаас эхлэн Хонгор хэвлэлийн үйлдвэр төв 4 зам, Соёмбо цогцолбор гэсэн маршрутаар зохион байгуулав. Энэ үеэр иргэд эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөнд нэгдэн алхаад зогсохгүй өөртөө мэдлэг, мэдээлэлтэй болов. Тодруулбал манай улсад 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байдаг гэнэ. Хөдөлгөөний хомсдлын улмаас эрүүл мэндэд ямар хор уршигтай талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа.

 

 

Холбоотой мэдээ