Трамп халз мэтгэлцээний өмнө коронавирусний шинжилгээ өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-20 15:59:14

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 22-нд өрсөлдөгчтэйгөө хийх халз мэтгэлцээний өмнө коронавирусний шинжилгээ өгнө гэдгээ даваа гарагт мэдэгдсэн байна.


“Мэдээж хэрэг шинжилгээ өгөхөд ямар ч асуудал байхгүй” гэж Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн 10 дугаар сарын 22-ны пүрэв гарагт Тенниси муж улсын Нашвилл хотод болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нар коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэл, Америкийн гэр бүлүүдийн байдал, АНУ дах арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал, уур амьсгалын өөрчлөлт болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, мөн улс орны удирдлагын онцлогийн талаар мэтгэлцэнэ. Мэтгэлцэх сэдвүүдийн жагсаалтад дотоод болон гадаад бодлогын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс шалтгаалан нэмж сэдэв оруулж магадгүй байна. АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болж, тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гурваны нэгийг, 13 муж улс, нутаг дэвсгэрийн захирагч нарыг сонгоно. 


Дональд Трамп гэргийн хамт коронавирусээр халдварласнаа 10 дугаар сарын 2-нд “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс түүнийг энэ өдрийн орой нь АНУ-ын нийслэл хотын захад байрлах Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр 10 дугаар сарын 5-нд эмнэлгээс гарч, Цагаан ордондоо эргэн ирсэн юм.


Холбоотой мэдээ