"Үндэсний хувьчлалын сан" хөрөнгийн зах зээлээс 5 тэрбум төгрөг төвлөрүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-16 19:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох Үндэсний хувьчлалын сан (ҮХС) үйл ажиллагаагаа 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээж, Монголын хөрөнгийн бирж дээр 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв.

Энэ нь Монголын Хөрөнгийн биржийн 30 жилийн ойн босгон дээр хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болсон үйл явдал юм.


Тус сан нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая нэгжийг арилжаалах эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган нэгж эрхийг олон нийтэд санал болгосон юм. Сан нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагч нарт хуваарилах юм.


Ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилготой, өндөр өгөөж бүхий санхүүгийн хэрэгслийг эрэлхийлж, хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсдэг хүн бүрт тохиромжтой бүтээгдэхүүн ийнхүү манай улсад бий болж, анхны харилцагч нараа татаад байна.


Захиалгын өдрөөс хоцорсон болон ачаалал ихтэйгээс шалтгаалж ХОС-д нэгдэж амжаагүй харилцагчид хоёрдогч зах зээл дээрээс нэгж эрх авах боломжтой аж. 


Холбоотой мэдээ