Д.Өлзийхишиг: Ямар нэг бүтээл гаргахын тулд маш их уншиж, судалж, бас олон хоног бодож байж хийдэг

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-16 20:22:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.   Монголын түүх, уламжлал, ёс заншлыг харуулсан бүтээлүүд урлан, түүндээ сэтгэлээ шингээж, өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэн, түүндээ дурлаж явдаг нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Д.Өлзийхишиг гэдэг.

Түүнийг урласан тэмээ, таван хошуу малаар нь Дундговийнхон анддаггүй. Сүүлийн жилүүдэд монгол түүх, ёс уламжлалыг харуулсан тэмээн цуваа хийж, зах зээлд танигдаж яваа хүн юм.


-Таны гараар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг “бүтээл” гэмээр санагддаг юм. Яг ямар бүтээл урлаад байна вэ, түүнийгээ танилцуулна уу?

- Миний голлох бүтээгдэхүүн бол тэмээ, тэмээн жингийн цуваа, таван хошуу мал, ингэ сааж байгаа хүн, шавж байгаа буур гээд малчдын аж амьдралыг харуулсан бүтээлүүд байдаг.

Бүтээгдэхүүн болгон л өөр өөрийн онцлог, өөр өөрийн өнгө, загвартай, тус бүрдээ өөр өөр түүх, ёс заншлыг харуулдаг.

Тухайлбал, тэмээн цуваа хийлээ гэхэд л жингийн цуваа, нүүдэлчин гэсэн хоёр өөр бүтээл гардаг. Нүүдэлчин гэхээрээ малчид монгол газар нутаг дотроо тэмээгээр нүүдэллэдэг байсан тэр ёс заншлыг харуулдаг.

Харин жингийн цуваа нь гадны улс орнуудаас алт, мөнгө, цай, давс, гурил будаа, торго дурдан гээд хэрэгцээтэй бүхнээ оруулж тэмээндээ ачаад оруулж ирдэг, арьс нэхий, түүхий эдээ гаргадаг байсан тэр соёл, түүх юм.

Тиймээс энэ онцлогийг л бүтээлдээ харуулж өгч байгаа юм.

-Та бүтээлүүдээ хэрхэн, ямар зах зээлд гаргаж байна, гадаад зах зээлд гаргадаг уу?

-"Ковид-19" цар тахал гарахаас өмнө жуулчны баазуудтай түншилж, бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан. Энэ өвчин гарснаас хойш ганц нэг хүн фэйсбүүкээс хараад захиалж авдаг. Гэхдээ энэ нь маш бага.

Харин ёс уламжлалаа дагаад ч тэр үү, бэлгэдлээ бодоод ч тэр үү манай монголчууд өөрсдөө захиалж хийлгэх байдал нэмэгдэж байна.

Тухайлбал, шавж байгаа буур, жижиг цагаан тэмээ, жингийн цуваа гэсэн бүтээлүүдийг голлон захиалж байна.

Массын тэмээг Улаанбаатарын зах зээлд гаргадаг болохоор их олноор хийнэ, харин таван хошуу мал, тэмээн цуваа, бусад бүтээлүүдээ ихэвчлэн захиалгаар хийдэг.

Жингийн цувааг манай иргэд “буян арвижина” гэсэн бэлгэдлээ бодож хийлгэдэг юм шиг санагддаг.

-Та энэ бүтээлүүдээ патентжуулсан уу? Ер нь хэдийнээс энэ гар урлалаа хийж эхэлсэн бэ?

-Миний бүх бүтээгдэхүүн багцаараа “Нүүдэлчин монгол урлал” гэсэн нэртэй, патент авсан.

Анх 1998 оны үед Өлзийт сумын цэцэрлэг надад 12 жилд ордог амьтдын чихмэл хийж өгөөч гэсэн хүсэлт тавиад, би хийж өгч байсан. Тэр үед материал их ховор байсан болохоор хамбан материал, эрээн алчуур сэлтээр л амьтан хийж эхэлсэн. Хэвтээ тэмээ, хэвтээ бар гээд л хийдэг байлаа.

Дараа нь сургууль маань бэлэг дурсгалд өгөх зориулалтаар амьтны чихмэлүүд хийлгэж байсан. Би Өлзийтийн сургуульд их олон жил багшилсан хүн шүү дээ.

Тэгээд 2001 онд “Говийн санаачилга” төслөөс ноос ноолурын үзэсгэлэн гаргасан. Тэр үед эсгий хийж сурчихаад эхлээд хэвтээ тэмээ хийж, дараа нь босоо тэмээ хийж эхэлсэн. Түүнээс хойш тэмээгээ эсгийгээр, зогдорыг нь үс ноосоор хийдэг байлаа. Ингэж үс ноос оруулж хийх нь жоохон хэцүү байсан болохоор зогдор хийхийн тулд Улаанбаатараас үслэг материал авах гээд хүнд захиад явуулсан чинь цагаан эсгийтэй зохицохооргүй хүрэн бор өнгийн материал аваад ирсэн байсан. Тэгээд их олон хоног бодож байгаад тэр материалаараа “тэмээ хийе” гэж шийдээд 2003 оноос бор тэмээ хийж эхэлсэн.

Эхлээд машинаар оёх гэж үзээд болдоггүй, их олон янзаар үзэж байгаад сүүлд нь гараар их биеийг нь хөвөрдөж оёод, материал нь үстэй юм чинь  хөл, толгойг нь яах билээ гэж бодож байгаад сүүлд нь үсийг нь хайчлаад миний хүрэн тэмээ бий болж байсан юм.

-Таны хийсэн амьтдыг харахаар яг л амьд юм шиг санагддаг. Та маш их сэтгэл гаргаж оёдог байх даа.

-Ер нь тэмээнд ордог бүх л хэрэглэл болон эрхтэнг амьд юм шиг л гаргахыг хичээдэг. Тавхайг нь гаргаад, буйл, бурантаг, ногт, тохош гээд бүх хэрэглэлийг ёс ёсоор нь л хийдэг юм. Тэмээг эхлээд буйллаж хийдэг байтал надаас их олон жил тэмээ авдаг байсан ”Мери марта” гээд байгууллага “буйлны хэрэг алга байна, буйл нь энд тэнд юманд тээглээд байна” гэсэн хүсэлт ирүүлсний дагуу буйлыг нь хийхээ болиод ганц ногттой хийдэг болсон.

Таван хошуу малыг 2003-2006 оны хооронд хийдэг болсон. Анх эсгийгээр хийсэн чинь нэг их сайхан болохгүй байсан. Тэгээд амьтан бүртээ таарах үсүүдийг нь олж аваад таван хошуу малаа хийдэг болсон.

Ер нь тэгээд хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж хийхгүй л бол тэр маань гар урлалын бүтээл болохгүй шүү дээ. Энэ бол надад багшаас маань өвлөсөн зарчим байгаа юм.

-Тэгэхээр та өөрийнхөө дуртай зүйлийг л хийгээд байх шиг, өөрөөр хэлбэл та ажилдаа маш их дуртай байх. Ер нь тэмээ урлах энэ санаа хэзээнээс бий болсон юм бол?

-Ер нь бол би өөрөө хөдөлмөрийн багш, Өлзийт сумын сургуульд долоон жил багшилсан. Дараа нь байрны багш олон жил хийсэн. Энэ үед хүүхдүүдийг тогтоож, цагийг нь аятай өнгөрүүлэхийн тулд хүүхэд бүрээр цаас, даавуугаар өөрийнх нь дуртай зүйлийг хийлгэдэг байсан.

Тэгээд тасгуудын хооронд уралдаан зарлахаар хүүхдүүд их идэвхтэй, цаас, даавуу гээд гарын доорх материалаа ашиглаад янз бүрийн юм хийгээд суудаг, тэгэхээр чинь цагаа дэмий үрж, үймүүлэхээ больчихдог. Одооных шиг материал элбэг байгаагүй, ховор байсан шүү дээ. Тэр үеэс л ийм бүтээл хийх нь миний хобби болсон байх.

Хөдөлмөрийн багш байхдаа гавьяат багш М.Цэрэнхандын шавь байлаа. Багш маань бидэнд ямар нэг бүтээл хийхэд түүнийг амьд юм шиг л бүтэн хийхийг зааж сургасан даа. Нэг бүрчлэн жижиг гэлтгүй бүх зүйлийг хийх аргачлалыг зааж өгдөг байсан. Тэр багшаасаа би маш их зүйлийг сурсан.

Бас нэг сонин юм нь гэвэл миний дээд өвөг дээдэс дандаа тэмээчид байсан. Ээж минь шарлаад намайг хөхүүлж чадахгүй, миний аав ахаасаа хоёр цагаан ингэ авчирч, намайг цагаан ингэний сүүгээр угжиж, би чинь ингэний сүүгээр хүн болсон хүн юм билээ.

Тэрнээс ч болдог юм уу, тэмээ хийх маш их сонирхолтой хүн шүү дээ. Тэмээний зураг их зурдаг. Тэмээ л зурах их дуртай. Буурыг янз янзаар нь, тэмээг ч тэр төрөл бүрээр зурна.

-Ингэж тэмээтэй амьралаа холбосон нь их сонин юм. Хэдэн хүн ажиллуулж байна.  

-Би охиндоо массын тэмээгээ өвлүүлчихсэн байгаа. Охин маань Улаанбаатарт тэмээгээ хийж борлуулдаг. Ажлын байр түрээслээд хийнэ, маш их захиалга ирдэг, эрэлттэй байдаг юм билээ.

Би эндээ үндсэн хоёр оёдолчинтой. Ер нь бол захиалга их болохоор нь нэмж оёдолчин авч ажиллуулдаг.

-Та өөрийнхөө бүтээлүүдийн онцлогийг илүү тодруулаач, ямар үнэ ханштай вэ?

-Жингийн тэмээ гэхэд л тав, ес, 12 тэмээтэй гээд янз бүрээр л хийнэ. Гурван ачаатай ч байгаа, том, жижиг янз бүр байдаг. Хамгийн уртдаа 1,2 метр цуваа хийж байсан.

Хамгийн жижиг тэмээ гэхэд л түлхүүрийн оосор байж байна. Том жижгээс шалтгаалаад үнэ нь янз бүр л байдаг. 21 см-ын өндөртэй, таван тэмээний цуваа бол дунджаар 180,0 мянган төгрөгийн үнэтэй.

Нүүдэл хийхэд айл яаж нүүдэг вэ, тэр бүх зүйлийг л нэг бүрчлэн тэр цуваандаа хийж өгөх хэрэгтэй болдог. Айлын авдран дотор юу байдаг, тэгээд л гэрийн бүх хэрэглэл, тавилгыг тэгнэнэ. Уут гурил, ноос ноолуур, хивс, дэвсгэр гээд л бүх хэрэглэл, банхар халтар нохой, хүн гээд л жинхэнэ амьдралыг бодитойгоор харуулсан бүтээл болдог юм шүү дээ.

Таван хошуу мал гэхэд л гэртэйгээ хамт. Гэр дотор малчин айлд ямар тавилга, хэрэглэл байдаг вэ, тэр бүгдийг л багтаагаад хийх жишээтэй. Тэгэхээр хүмүүс маш их дуртай байдаг. 

-Жингийн цуваа, нүүдэл, таван хошуу мал гээд бүтээлүүдээ захиалгаар хийдэг гэж байсан. Ихэвчлэн хаанаас захилга өгдөг вэ?

-Ер нь янз янз. Нэг удаа Сүхбаатар аймгийн сургуулийн захирал надад Дарьгангын жингийн цувааг хийж өгөхийг хүссэн. Тэгээд түүнийг хийхийн тулд маш их зүйл уншиж, түүхийг судлах хэрэгтэй болсон.

Нутаг нутгийн онцлогоос хамаараад нүүдэл, онцлог нь өөр өөр байдаг юм билээ. Дарьгангачууд гэхэд дандаа тэмээн тэргээр нүүдэг. Манай говийн ард түмэн, халхынхан бол тэмээндээ л бүх ачаагаа ачдаг бол тэнд тэмээн тэргээр нүүдэг онцлогтой байсан.

Тэгээд тэмээн тэрэгтэй, 11 төрлийн тэмээ дагуулаад тэмээн цуваа хийж өгсөн. Маш их бодож байж тэр бүтээл гарсан. Ялгаа нь гэвэл Дарьгангад голдуу л шарга тэмээ байдаг юм билээ. Манайд хар хүрэн, зандан хүрэн зүсний тэмээ л голлодог шүү дээ.

Тэндхийн нүүдлийн онцлог нь гэвэл тэмээн тэргэн дээрээ голдуу хүүхдүүдээ, малаа ачаад явдаг, бас чингэлэгтэй байсан. Чингэлэг дотроо настай хүмүүс, хүүхдээ суулгадаг.

-Тэгэхээр та бүтээлээ хийхийн тулд маш их судалдаг байх нь.

-Тийм ээ, ямар нэг бүтээл гаргахын тулд маш их уншиж, судалж, бас маш олон хоног бодож байж хийдэг. Зарим нэг бүтээгдэхүүнээ дор нь хийчихдэг бол заримыг нь маш удаан бодно.

Тэгээд материалаа сонгож, зурж эсгэж, оёно. Тиймээс би бүтээл болгондоо дурлаж, хайрладаг. Энэ бол миний дуртай ажил юм шүү дээ.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ