Ноолуурын салбар жилд нэг их наяд төгрөгийн экспорт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-14 17:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноолуурын салбар одоогоор жилд 1,3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, дэлхийн 30 гаруй оронд нэг их наяд төгрөгийн экспорт хийж байна.

“Цаашид ноос, ноолуурын салбарынхан экспортоо 2-3 дахин нэмэгдүүлж, түүхий эдийнхээ 60-70 хувийг гүн боловсруулах зорилготой”-г Ноос, ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, тус ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Бэнжамин Ли Рой нартай уулзах үеэрээ хэллээ.

Монголын Ноос ноолуурын холбоонд өнөөдөр болсон уулзалтад Монголын ноос, ноолуурын салбарын “Говь”, “Гоёл кашмир”, “Ханбогд кашмир”, “Уужим”, “Кашмир холдинг”, “Өгөөж шим”, “Говь Эрдэнэ” зэрэг компанийн удирдлагууд оролцож, салбарын өнөөгийн байдал, "Монголын хаан ширхэгт" тохирлын тэмдэг, ноос ноолууран бүтээгдэхүүнийг тохирлын баталгаатайгаар АНУ-ын зах зээлд экспортлох талаар санал солилцов. Түүнчлэн, Монголын ноолуурын салбарт АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн дэмжлэгээр хөрөнгө оруулалтыг нэмэх, АНУ-д гурав дахь хөршийн худалдааны хуулийг баталбал Монголын сүлжмэл бүтээгдэхүүнийг тус зах зээлд татваргүй экспортлох боломж бий болохыг үйлдвэрийн төлөөллүүд ярьсан. 

Элчин сайд Майкл С.Клечески “АНУ-ын Засгийн газар Монголын эдийн засагт ноолуурын үүрэг ямар их гэдгийг ойлгож байна. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлж, ноолуурын салбарыг бие даасан болгоход бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт, санхүүжилтээс эхлээд чадах бүхнээ хийх сонирхолтой”-гоо илэрхийллээ.  

Ноос, Ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Монгол Улс ойрын болон урт хугацааны хөтөлбөртөө түүхий эд бэлтгэгч бус үйлдвэрлэгч орон болох чиглэл баримталж байгаа. Дэлхийн үйлдвэрлэл эрхлэгчид байгальд ээлтэй, ногоон үйлдвэрлэлийг дэмжих чиг хандлагатай болсон. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн бол чанартай, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн. Манай улсын хувьд тогтвортой үйлдвэрлэл бий болгохыг зорьж байна. Ногоон үйлдвэр, ногоон хөгжил ярихдаа техник технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, хамтарсан маркетинг хийхэд олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгтэй. Тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон улсын байгууллагын оролцоо чухал. Эхлээд хууль эрх зүй, татварын таатай нөхцөл бий болгох, татварын урамшууллын тогтолцоог ойрын хугацаанд хийх шаардлагатай”-г дуулгасан юм.

Монголын ноос ноолуурын холбоонд 100 гаруй аж ахуйн нэгж нэгдэж, хамтран үйл ажиллагаа явуулдаг. Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд.  Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монголын ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2019 онд 434.7 сая ам.долларт хүрч, 2018 оныхтой харьцуулахад 6 хувиар, 2017 оныхоос 29.8 хувиар өсжээ. 2019 оны экспортод угаасан ноолуур 65.2 хувийг, самнасан ноолуур 10.4 хувийг эзэлж байв.

 

Холбоотой мэдээ