Г.Занданшатар: Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 15:15:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга суманд ажиллалаа.

Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж, УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилгын талаар танилцуулсан юм. Иргэдийн зүгээс малын гаралтай түүхий эд, түүний дотор арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, мах экспортлоход төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг олон санал хүсэлтийг тавьж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малаа отроор өвөлжүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар шийдвэрлэснээ хэлж, Соёлын сайд С.Чулуун Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах ажил яамны эрхэм чухал зорилтын нэг болохыг онцлон “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйн сав газарт байгуулахаар болсныг мэдээллээ.

Мөн Уянга хийцийн гэр, Уянгын урлал дархан, сүү, цагаан идээ, дуу хуур гээд олон зүйлээр улсдаа зартай Уянга суманд ажилгүй нэг ч хүн байх ёсгүй. Сүү, цагаан идээ, айраг, сарлагийн сүүгээр хийсэн цөцгийн тос, Уянгын гэр зэрэг үйлдвэрлэлээ брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх боломж байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв.

Уянга суманд болсон уулзалтын дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, гэр музейг нь үзэж сонирхлоо.  

Холбоотой мэдээ