Онцгойнхон тусгай зориулалтын техниктэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-13 16:13:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар гал унтраах, аврах тусгай зориулалтын дөрвөн ширхэг автомашинтай болов.

Энэхүү автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлогтой ажээ. Эл машинуудыг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлж байгаа аж.

Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг өнгөрсөн ням гарагт Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар нар гардуулан өглөө. Тусгай зориулалтын автомашины галын үндсэн албаны 11 тоннын машиныг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид өглөө. Харин Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид тус тус 5 тоннын үндсэн албаны авто автомашиныг гардууллаа.

 

Холбоотой мэдээ