Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюун-Эрдэнэ сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-05 16:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ны их хурал энэ сарын 3-нд буюу бямба гарагт болж, холбооны ерөнхийлөгчөө сонголоо.


Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан. Ингээд Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг цахимаар явуулахад Б.Оюу-Эрдэнэ олонхын саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон байна.



Их хурлын нээлтэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцсон юм. Тэрбээр энэ үеэр хуульчдад хандаж хэлэхдээ “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн. Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон” гэв.


Хурлын үр дүнд Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт,  тогтоол, дүрэм, журмын төслүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцсон 300-аад төлөөлөгч санал шүүмжлэлээ солилцож, улмаар холбооны үйл ажиллагааны болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж батлав.


Их хурлаа хийж холбооны дүрэм журмаа баталснаар өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөл илүү сайжирч үүрэг, хариуцлага нь тодорхой болохыг өмгөөлөгч нар хэлж байв.


ХЗДХЯ-наас төлөөлөгчдийг бүртгэх болон санал өгөх, санал хураалтын дүн гаргах үйл ажиллагааг анх удаа цахимаар явуулснаар Их Хурлын санал хураалтын үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай, боловсронгуй болсон байна.

 

Холбоотой мэдээ