Шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-04 19:53:47

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан ажлын баг Булган аймагт ажиллаж, “Ковид-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт зохион байгууллаа. Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, “Коронавирустэй тэмцэх удирдлагын тогтолцоо”, “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”, “Салбар хоорондын уялдааг хангах нь”, “Олон эх үүсвэрт тандалтын ач холбогдол”, “Эрсдэлийн харилцаа” зэрэг сэдвээр сургалт хийсэн байна. Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

- Бүх шатны байгууллагын бэлэн байдлыг хангах шаардлага байгаа. Коронавирустэй тэмцэх ажлыг 8-9 сарын хугацаанд зохион байгуулахдаа Монгол Улсын туршлага сургамждаа тулгуурлаад орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, тэр тусмаа Онцгой комиссын дэргэд ажиллаж байгаа шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоо гэсэн бүтцээр ажиллуулж сургах, хэдийгээр өнгөрсөн хугацаанд шуурхай штаб ажиллаж байсан ч гэсэн яах аргаггүй шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын жишиг загвар, хөдөлмөр зохион байгуулалтад нийцсэн энэ бүтэц рүү шилжүүлэх гэж энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Шуурхай хариу арга хэмжээний баг буюу эхний үүрэг гүйцэтгэхээр өвчний голомтод очих томилгоотой бүрэлдэхүүн байдаг. Энэ бүрэлдэхүүнээ албажуулаад шуурхай ажиллах учиртай. Энэ мэтчилэн орон нутгийн бэлэн байдлыг хангуулах, байгууллага, хүн болгоныг үүрэгтэй болгож баталгаажуулах, гүйцэтгэх үүрэг, чиглэл, ажил нь тодорхой байлгахад чиглэсэн сургалт юм гэж онцоллоо.

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн 80 шахам хүн хамрагдлаа.

Холбоотой мэдээ