Цэргийн албан хаагчдад орон сууцыг 70 хувийн хөнгөлөлттэй өмчлүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-30 16:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшил дэх орон сууцнуудыг цэргийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өмчлүүлж байна. Орон сууцаа өмчилж авах батламжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн албан хаагч нарт гардууллаа.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ" гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын энэ оны 56 дугаар тогтоолоор БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоол гарсан юм. 

Дээрх тогтоолын дагуу албан тушаалын орон сууцнуудыг хувьчилснаар цэргийн алба хаагчид өөрийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгааг БХЯ-наас мэдээллээ. 

Цэргийн алба хаагчид орон сууцаа өмчилж авснаар тэдний ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдэхээс гадна хувьчилж авсан орон сууцаа ашиглах, захиран зарцуулах, өв дамжуулах зэрэг олон давуу тал бий болох аж.


Өнөөдрийн байдлаар БХЯ-наас 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчилахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгоод байна.


Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 21.7 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10.3 хувь нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа судалгаа байна.



Холбоотой мэдээ