Трамп, Байден нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-30 12:55:29

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жо Байден нар анхны халз мэтгэлцээнээ тус улсын Охайо муж улсын Кливленд хотод өнгөрсөн шөнө хийлээ.


Мэтгэлцээн нэлээд ширүүн уур амьсгал дунд болсон байна. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг хэлэлцэх үеэс тэд хоорондоо хатуу ширүүн үг шидэлцэж эхэлжээ. Байден Трампыг худалч, АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэсэн бол Трамп түүнийг улс төрийн карьерынхаа 47 жилд юу ч хийгээгүй гэж буруутгав. “47 жилийн хугацаанд би таны 47 жилд хийж бүтээснээс илүү олон зүйлийг хийлээ" гэж тэрбээр хэлжээ.


Байден коронавирусний нөхцөл байдлын талаар ярихдаа, Трампт ямар ч төлөвлөгөө байхгүй, хэрэв Ерөнхийлөгчийг илүү ухаалаг, хурдан болгохгүй бол олон хүн нас барна гэж шүүмжлэхэд Трамп хариуд нь "Хэзээ ч надад ухаалаг гэдэг үгийг битгий ашиглаарай, Жо, хэзээ ч битгий хэлээрэй. Танд ухаалаг зүйл гэж байхгүй шүү дээ" хэмээгээд хэрэв Байден оронд нь байсан бол сая сая хүн нас барах байсан гэжээ.


Мэтгэлцээний явцад Трамп, Байден нар бие биенийхээ болон мэтгэлцээнийг хөтөлсөн "Fox News" сувгийн хөтлөгч Крис Уоллесын яриаг нэг бус удаа тасалж, ярилцсан сэдэв бүр дээр хэрүүл маргаан өрнүүлжээ. Тэд нийтдээ зургаан сэдвээр мэтгэлцсэн байна. Коронавирустэй холбоотой нөхцөл байдлаас гадна, нэр дэвшигчид эдийн засаг, удахгүй болох сонгуулийн шударга байдал, Америкийн хотуудад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар ярилцжээ.


Мэтгэлцээний эхэнд нэр дэвшигчид гар бариагүй нь олон хүнийг анхаарлыг татсан боловч одоогийн байдлаар Америкт 200 мянга гаруй хүний ​​амь насыг авч одсон коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас гар барихгүй байхаар төлөвлөсөн байна. Мэтгэлцээний үеэр Трамп вирусний вакцин бэлэн болоход хэдхэн долоо хоног үлдээд байгааг мэдэгдэхэд Байден хариуд нь инээмсэглэжээ.


 


Холбоотой мэдээ